
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Л.Баяртай ярилцлаа.
Чөлөөлөх дайны 80 жилийн ой тохиож байна. Өнөөгийн Монголын залуучууд, хүүхдүүд энэ дайны талаар огт мэдэхгүй гэхэд хилсдэхгүй болов уу? Тийм учраас ирээдүй хойч үе маань чөлөөлөх дайны талаар мэдэж байх шалтгааныг дурьдвал?
-Залуучууд маань эх түүхээ мэдэх таних тал дээр хоцрогдонгуй байгаа гэдэгтэй санал нэг байна. Өдгөөгөөс 80 жилийн тэртээ 8-р сарын халуун өдрүүдэд, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд цэргийн хэллэгээр Манжуурын стратегийн давших операц буюу том хэмжээний дайн болсон байдаг.
Энэ нь ямар учиртай дайн болсон бэ гэхээр Японы түрэмгийлэгчдээс хятадын зүүн хойд нутгийг, тэр дундаа элэг нэгт Өвөрмонголчуудаа чөлөөлөх үндсэн зорилготой байсан. 1945 оны тавдугаар сард ЗХУ дэлхийн хоёрдугаар дайнд фашист Германыг ялсан байдаг. Түүнээс өмнө АНУ, ЗХУ, Их Британи зэрэг холбоотон улсууд Ялт хотод уулзаж, Ялтын бага хурлыг хийсэн. Энэ үеэр зарчмын хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байдаг. Геополитикийн асуудлууд байсан л даа.
Дайн дууссаны дараа алс дорнод буюу зүүн хойд азид япончуудын эзлэн түрэмгийлсэн газар нутгийг чөлөөлөх ёстой, үүнд ЗХУ-ын арми оролцох ёстой гэсэн асуудал яригдсан.
ЗХУ-ын тухайн үеийн удирдлага буюу Сталин тэргүүтэй хүмүүс хэрэв ЗХУ энэ дайнд оролцох бол БНМАУ-ын статус кво-г хэвээр нь хадгална гэдэг заалтыг хамгийн эхэнд оруулж өгсөн байдаг. Ингээд Ялтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу баруун европд байлдаж байсан цэргүүдээ алс дорнод руу буюу Монголын зүүн хойд хязгаар руу татан авчирсан. Нийтдээ 1,5 сая орчим цэргийн алба хаагчдыг агаараар, газраар, усан замаар авчирсан байдаг.
1945 оны 7-р сард тухайн үеийн БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан Москвад очихдоо чөлөөлөх дайнд Монгол улс оролцоно гэдгээ Сталинтай хэлэлцэн тохирсон. Чөлөөлөх дайн гэдэг бол дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл шүү дээ. Монгол Улс энэ дайнд оролцох болсон гол шалтгаан нь цэргийн гэхээсээ илүүтэйгээр улстөрийн шалтгаантай байсан. Ингээд Монгол ардын хувьсгалт цэрэг чөлөөлөх дайнд оролцсон байдаг. Дайны бэлтгэлийг хангаж ЗХУ-ын улаан арми баруун европоос ерөнхий цэргийн 11 арми, нисэх хүчний 3 арми, танкын 3 арми буюу маш их хэмжээний цэргийн хүчийг цуглуулсан.
Чөлөөлөх дайн бол алс дорнодын 1-р фронт буюу Владивосток чиглэл, алс дорнодын 2-р фронт, мөн өвөр байгалийн фронт гэж Монголын зүүн хязгаар буюу Дорнод аймгийн нутагт Тамсагбулгаас урагшаа хятадын нутаг дэвсгэр рүү 3 чиглэлээр зэрэг давшсан. Үүнд Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг нэртэйгээр Монгол цэргүүд оролцсон юм. Монгол цэргийн гол үүрэг нь дайралтын явцад хамгаалах, халхлах гол үүрэгтэй байсан. МАХЦ-ийг ерөнхийд нь Маршал Х.Чойбалсан удирдаж, бүлгийн командлагчаар нь ЗХУ-ын Маршал Плиев, орлогчоор нь бидний сайн мэдэх БНМАУ-ын баатар Ж.Лхагвасүрэн, улстөрийн газрын даргаар Ю.Цэдэнбал нар үүрэг гүйцэтгэж, удирдаж оролцсон байдаг.
1945 оны 8-р сарын 15-ны өдөр улсын бага хурал хуралдаж, японы эсрэг дайн зарлаж байна гэсэн тунхаглал гаргасан.
Нэгдүгээрт, дэлхийн нэгдсэн үндэстний талд буюу бусад улс орнуудтай энхтайвнаар зэрэгцэн орших бодлого баримталж байна. Хоёрдугаарт, элэг нэгт Өвөрмонголчуудаа японы түрэмгийллээс чөлөөлөх зорилго агуулж байна гэсэн тунхаглал гарсан байдаг. Ингээд 1945 оны 8-р сарын 15-ны өдөр МАХЦ Монгол улсын хилийг давж, давших ажиллагаанд оролцсон. Дарьгангаас Долоннуур жикей чиглэлд, Замын-Үүдээс Чуулал хот, Жанчхүүгийн даваа гэсэн хоёр үндсэн чиглэлд давшилт явуулсан.
Байлдааны тушаал ёсоор хоногт 90-100 км цагийн хурдтайгаар явах байсан. Ингээд эхний 100 км орчмыг давшсаны дараа халуун элсэн цөл, ар талын хангамж тасалдах, хэт халуунаас болж хүн малгүй нарших, өлсөж цангах зэрэг хүнд нөцөл тулгарсан байдаг. Гэсэн хэдий ч дайсан этгээдүүдтэй тулгарч, байлдаж, олзолж явсаар Долоннуур хотын чөлөөлсөн юм. Долоннуур хотоос цаашаа намрын сэрүүн өдрүүд эхэлж, аянга цахилгаантай усан бороо үргэлжлэн орсон байдаг. Энэ талаар Плиев жанжин өөрийн дурдатгалдаа тэнгэрийг юу ингэж хилэгнүүлчихэв ээ? Гэж дурссан байдаг. Ингээд нэгдүгээр чиглэл цааш давшиж Жикей хотыг чөлөөлсөн. Нөгөө чиглэлд нь Жанчхүүгийн даваанд 8-р сарын 18,19,20,21-ний өдрүүдэд гол байлдаанаа хийсэн.
80 жилийн тэртээх энэ өдрүүдэд Монгол, Орос цэргүүд эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амиа өргөж байсан цаг үе байжээ. Энэ дайнаас та бидний мэдэх Л.Аюуш баатар, түүний туслах н.Дашдондог тэргүүтэй эрэлхэг эрчүүд төрөн гарчээ. Мөн Монгол Улсын баатар С.Дампил, Баатар Д.Данзанваанчиг нар тодрон гарч байсан юм. Салаан дарга нь Т.Дүүдэй гэж хүн байсан. Салаанаас нь Л.Аюуш, С.Дампил, Д.Данзанваанчиг гэж гурван баатар төрсөн түүхтэй юм. Элэг нэгт Өвөрмонголчуудаа чөлөөлөхийн тулд өвөг дээдэс маань яс, цусаараа, хүч чадлаараа, эрэлхэг зоригоороо байлдсан цаг үе байсан юм.
Ийм учраас өнөөдрийн та бид, бидний үр хүүхдүүд тусгаар улс болж, эрх чөлөөт Монголдоо амар тайван, энх сайхан амьдарч байна. Үүнийг хүүхэд залуучууд маань маш сайн мэдэж ойлгох ёстой.
Хорьдугаар зууны түүхэнд Монголчууд бид өвөрмонголчуудаа хоёр удаа чөлөөлсөн юм шүү. 1913 онд хятадын цэргүүд өвөрмонголыг эзлэн авах үед таван замын байлдаан гэх байлдааныг хийж өвөрмонголчуудаа чөлөөлсөн байдаг. Үүнээс 32 жилийн дараа ЗХУ-ын армитай хамт өвөрмонголчуудаа ахин чөлөөлсөн түүхтэй юм. Чөлөөлөх дайны ялалтын гол үр дүн нь их гүрнүүдийн тохиролцсон геополитикийн асуудал буюу БНМАУ-ын статус кво буюу тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх байсан. Тухайн үеийн Дундад иргэн улс буюу өнөөгийн БНХАУ-ын ард иргэд биднийг чөлөөлж өгөх юм бол Монгол Улс тусгаар улс гэсэн санал асуулга өгье гэдэг тохироо хийсэн байдаг.
Ингээд ялалтын үр дүнд сонгуулийн насны хүмүүсийнх нь 98,6 хувь нь санал өгч 1946 оны 01-р сарын 05-нд Дундад иргэн улс БНМАУ-ыг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Азийн цээжинд Монгол гэдэг эрх чөлөөт, тусгаар улс байдаг гэдгийг тунхагласан нь энэ дайнд оролцож, ялалт байгуулсны гол ач холбогдол юм.
Ингээд бусад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлж явж байгаад 1961 онд НҮБ-ын гишүүн болж, өнөөдөр 2025 оны байдлаар НҮБ-ын гишүүн бүх улс оронтой дипломат харилцаа тогтоогоод байна. Дэлхий даяаршиж байгаа энэ цаг үед Монголчууд бид хэдийгээр дэлхийн хоёр том гүрний дунд оршдог ч гэсэн тусгаар тогтносон, эрх чөлөөт улсын иргэд гэдгээрээ бахархах хэрэгтэй.
Бидний ондоошил, дангааршлын нэг гол зүйл бол түүх маань юм. Чөлөөлөх дайнд ялалт байгуулаагүй бол байдал өөрөөр эргэх байсан. Бидний эрх чөлөөт Монгол улс болоход нөлөөлсөн байлдаан бол 1945 оны 8-р сарын 10-наас 21-ний хооронд үргэлжилсэн чөлөөлөх дайн юм. Энэ ялалтыг хэзээ ч мартах учиргүй гэдгийг хүүхэд залуучууддаа сайн захиж хэлэхийг хүсч байна.
Манай зарим нилээн хариуцлагатай албан тушаал хашиж байсан зарим хүмүүс Япон Улсад Монгол Улс руу дайрах бодол байгаагүй гэж ярих нь бий. Энэ талаар түүхийн бодит баримт дээр юу гэсэн байдаг юм бол?
Энэ бол 1939 оны Халхын голын дайнтай холбоотой асуудлаар ийм яриа гардаг. Гэхдээ бодит байдал дээрээ 1932 оноос эхлэн Япончууд хятадын зүүн хойд хэсгийг эзлээд Манж Го гэдэг тоглоомын улсыг Монгол Улсын хил залгаа байгуулаад, халхын голоор Монгол Улсын хил байх ёстой гэсэн маргаан, будлиануудыг гаргасан. Мөн Монгол улс руу дайрах нь бодитоор оршиж байсан цаг үе юм. Зөвлөлтүүд өөрсөд рүү нь дайрах гэж байсан учраас Монголчуудыг татан оролцуулсан гэх яриаг гаргадаг. Халхын голын дайн бол мөн л бид өөрсдийн тусгаар тогтнолын төлөө, улс орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө ЗХУ-тай хамтран тэмцсэн он жилүүд юм. 1939 оны 5-р сарын 28-ны өдөр Халхын голын дайн эхэлсэн гэж үздэг. Судлаач хүний хувьд энэ бол дайн байсан гэдэг дээр би зогсдог.
Халхын голоос цаашаа Монголын газар нутаг биш гэж үзэж байсан шүү дээ. Бид үүнийг эсэргүүцэж, хөвгүүдийнхээ алтан амиар хамгаалж тэмцсэн. Бодитой болсон дайн.
1945 оны чөлөөлөх дайнд оролцсон 31 хүн өнөөдөр амьд сэрүүн байна. Тийм учраас эдгээр хүмүүс тухайн үеийн талаар бодитоор нь ярих байхаа.
Чөлөөлөх дайны үргэлжилсэн хугацааны талаар бас зөрүүтэй ярих зүйл байдаг. Энэ талаар?
1943 онд их гүрнүүд европд дайн дууссаны дараа азид япончуудын эсрэг дайн болно гэдэг дээр тохиролцсон байдаг. Ингээд 1945 оны Ялтын гэрээгээр шийдвэр гарсан. Энэ хооронд Монголчууд тодорхой хэмжээгээр дайнд бэлдсэн. Дайчилгаа зарласан. Цэргийн хэллэгээр хүч хуримтлуулах буюу энд тэндээс цэргүүдээ татаж авчрах зэргээр бэлтгэл хангаж байсан. Энэ хугацааг оруулах юм бол юун 3 хоног. 10 хоног, 3 сар ч гэж ярихгүй шүү дээ. Энэ их бэлтгэлийг хангасны дараа албан ёсоор дайн зарлаад, 2 чиглэлээр марш үйлдэж, өвөрмонголчуудаа чөлөөлсөн.
1945 оны 8-р сарын 21 гэхэд гал зогсоох тушаал ирсэн. Энэ хооронд зарим цэргийн анги цагаан хэрмийг ч давсан байсан.
Ингээд үндсэн үүрэг даалгавраа биелүүлсэн учраас давшилтаа зогсоо гэдэг тушаал ирж, өвөрмонголын нутаг дэвсгэрт байсан цэргүүд маань буцаад эх орондоо ирнэ шүү дээ. Ингэхийн тулд 9 сар гартал, зарим цэргүүд бүр 10 сар гартал тэнд байрлаж эх орондоо ирэх бэлтгэлээ хангасан байгаа юм. Үүнээс харахад нэлээн хэдэн сарын хугацаа орсон байгаа биз.
Зарим нэгэн ойворгон хүмүүс дайн байлдаан гэж мэдэхгүй сэтгэлийн хөөрлөөр хандсандаа тэгж ярьсан ч байх. Нөгөө талаараа бидний эсрэг гадны суртал ухуулга их байна. Ялангуяа залуучууд руу хандаж буруу зөрүү ярьсан зүйл байна. Нэгэнт болоод өнгөрсөн үйл явдлыг түүхэн дээр тулгуурлаж ярих ёстой юм. Тэр тусмаа цэргийн хүмүүс бодитоор нь ярих үүрэгтэй. Чөлөөлөх дайнд МАХЦ-ээс гадна хилийн цэргийнхэн оролцосн байдаг. Хилийн цэргийн 10 отряд тагнуулын үйл ажиллагаа явуулах, хорлон сүтйгэх ажил явуулж байгаа хүмүүсийг илрүүлж баривчлах ажлуудыг хийж байсан.
Мөн аюулаас хамгаалах нийгэмлэгийнхэн, бүр эх орноосоо урваад гарсан хүмүүс ч байсан. 1000 гаруй хүнтэй тагнуулын бүлэг оролцсон байдаг. Ардын сайн дурын морьт отряд гэж цэрэгжсэн сайн дурыхан бас оролцсон. Эдгээр хүмүүсийн дайнд оруулсан хувь нэмрийг үгүйсгэж болохгүй. Зөвхөн дайн байлдаан хийх биш, дүрвэн гарсан ард иргэдээ буцааж авчрах ажлуудыг хийж байсан. Чөлөөлөгдсөн хотуудад цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга очиж тоглолт хийж, сэтгэл санааг нь өргөж байсан. Хятадын ард түмэн үүнд нь талархаж, энэ ялалтанд тэнгэр газарт багтахгүйгээр их баярлаж байлаа гэсэн мэдээ сонин дээр гарч байсан юм аа.
Танд баярлалаа.
Ярилцсан М.Чойжал
Сэтгэгдэл2
НӨГӨӨ Л УЛИГ БОЛСОН ТҮҮХЭЭ Л ЯРИХ ЮМ. БААБАР ШИГ ТОМ УТГААР НЬ БАС ЯГ БОДИТ БАЙДАЛ ЗЭРГИЙГ НЬ АМТ ШИМТТЭЙ БИЧИЖ ЯРИХ ХЭРЭГТЭЙ ТЭГВЭЛ ХҮНД ХҮРНЭ.
Өвөр Монголыг ар Монголтой нэгтгээд нэг улс болгох нь Чойбалсангийн хүсэл байсан юм ! Гэвч Сталин зөвшөөрөөгүй ! Уул нь тэгэх боломж байсан ! дайны дараа нь Монгол Зөвлөлтийн нэг дивизийг Өвөр Монголд байрлуулчихад л болчих байлаа ! Одоо Өвөр Монгол нь Ар Монголын хамгаалалт нь болж байна ! Уруул үгүй бол шүд үгүй гэж үг байдаг юм ! Хятад улс нь Путиныг үхсэний дараа ар Монгол ру баараггүй дайрах байх ! Тайваныг авчихаад дараа нь Монгол гэдэг стратёгиа болиод эхлээд Монголыг дараа нь Тайваныг гэсэн төлөвлөгөөтэй болсон гэсээн ! 2028 онд болов уу да !