
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 26 /Reuters/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Вашингтонд айлчилж байгаатай зэрэгцэн “Korean Air” компани даваа гарагт Америкийн “Boeing” компанид 103 нисэх онгоцны захиалга өгсөн тухай эх сурвалжууд Reuters агентлагт мэдээлжээ. Солонгосын агаарын тээвэрлэгчийн хувьд түүхэн дэх хамгийн томд тооцогдох энэхүү захиалгад “Boeing”-ийн 787, 777, 737 загварын онгоцууд багтаж байгаа тухай эх сурвалжууд хэлсэн байна.
АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутникт хэлэлцээрийг танилцуулах ёслолд “Boeing Commercial Airplanes”-ийн гүйцэтгэх захирал Стефани Поп, “Korean Air” компанийн гүйцэтгэх захирал Чо Вон Тэ нар оролцжээ. Reuters агентлаг уг хэлэлцээрийн талаар анх мэдээлсэн юм.
“Korean Air” мөн даваа гарагт Америкийн “GE Aerospace” компанитай 13.7 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий хөдөлгүүр худалдан авах, засвар үйлчилгээ хийлгэх тусдаа гэрээг байгуулжээ. “Boeing”-д өгсөн захиалгын хүрээнд Өмнөд Солонгосын хамгийн том агаарын тээврийн компанийн охин компани болох “Asiana”-д шинэчлэл хийнэ гэж эх сурвалжуудын нэг нь хэлсэн байна.
Энэ оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын Аж үйлдвэрийн яам мэдэгдэхдээ, “Korean Air” удахгүй “Boeing” болон “GE” компаниудтай 32.7 тэрбум ам.долларын гэрээг эцэслэн байгуулна гэж байв. “Korean Air” өнгөрсөн онд “Boeing” компаниас 20 ширхэг 777-9, 20 ширхэг 787-10 онгоц захиалж, нэмэлт 10 онгоц авах боломжтой гэж мэдэгдэж байсан бөгөөд 2024 онд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Д.Трампын засаг захиргаатай худалдааны хэлэлцээр хийж буй олон улс орон “Boeing” компанид томоохон захиалга өгснөө зарласан эсвэл зарлахаар төлөвлөж байна. Тус компани сүүлийн саруудад хэд хэдэн томоохон захиалга авсан юм. “SkyTeam” агаарын тээврийн холбооны үүсгэн байгуулагч гишүүн болох “Korean Air” нь 1969 онд төрийн өмчит “Korean Air Lines” компанийг Өмнөд Солонгосын “Hanjin” групп худалдан авснаар байгуулагдсан түүхтэй.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Орос ах нарын сайхан сайхан шинэ гоё онгоцуудыг авахгүй юм байх даа