
Тухайн үед болоод өнгөрсөн үйл явдлын далд үнэнийг өгүүлсэн энэ түүхийг Оросыг хараагч русофобууд хийгээд Оросыг шүтэгч русофилүүдийн аль аль нь хэрүүлийн алим бүү болгоосой гэж хүснэ. Тэнэг мунхагууд л эргээд ирэхгүй түүхийг шүүмжилж, өнгөрсөн цагтай хэрэлдэж суудаг (Энд би түүхийн шинжлэх ухаан, түүхч эрдэмтдийн тухай яриагүйг анхаарна уу) , харин ухаантнууд түүхийн алдаанаас суралцдаг билээ.
Тувагийн удирдагч Салчак Тока(1901-1973)-г манайхан янз бүрээр ярьж бичдэг.
Өөрийнхөө орыг залгамжлуулахаар бүх асуудлыг зохицуулж, ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академийг төгсөх гэж байсан Григорий Ширшинийг Тувагийн коммунист намын нарийн бичгийн даргаар 1972 онд томилуулж, дахиад ганцхан алхаад өөрийнх нь оронд суух замыг нь зассан тэрбээр нас барахынхаа өмнө эмнэлэгт байхдаа “Өмнөд хилийн зурвас давмагц цус нэгт монгол ахан дүүс байгааг ямагт санаж яваарай.
Яаж мэдэх вэ боломж гармагц Монголтойгоо нэгдэх нь л тува хүн бүрийн зүрх сэтгэлийн мөрөөдөл байх ёстой юм байна шүү.
Би нэгэнт үеэ өнгөрөөж байна. Энэ чухал албанд чамайг заавал суулгах гэж зүтгээд байгаагийн учрыг чи гадарлаж байна уу?” гэж Г.Ширшинд монголоор хэлжээ. Яагаад гэсэн асуултад нь “Чиний судсаар урианхай монгол, халх монгол цус холилдон гүйж байгаа” гэж хариулсан аж. Салчак Тока 1901 онд тухайн үеийн Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны нутагт төрж өссөн хүн тува хүн гэдгийг дашрамд дурдъя.
Энэ түүхийг 1999 онд Тувагийн Засгийн газрын урилгаар Завхан аймгийн Засаг дарга Л.Дашзэгвэ тэргүүтэй төлөөлөгчид Тувад ардын хувьсгал ялсны баяр наадамд оролцохоор очиж, Кызыл хотын “Енисей” зочид буудалд буусан орой нь Г.Ширшин гуай өөрөө сураглан ирж хуучлаад “Их гүрний эрхшээлд орсон, дээрээс нь миний мэт хэр тааруу удирдагчидтай байсан болохоор яавч тэр хүний хэлснээр урианхай хүн бүрийн хүслийг биелүүлэх боломжийг олж чадаагүй юм.
Тэгээд ч их Орос орон гүрэн үгүй бол танай манай аль ч ялгалгүй аль эрт мөхчихсөн байхыг ч үгүйсгэхгүй дээ... Энэ яриаг цааш нэг их яриад байх сэдэв биш гэдгийг монгол дарга нар юу эс андах вэ” хэмээжээ.
Тэрхүү төлөөлөгчдийн нэг, дээрээс нь орчуулагчийн үүрэг давхар гүйцэтгэсэн зохиолч, орчуулагч Түдэвийн Гочоо бээр “Аавын яриа Түмний яриа” (УБ., Оргилпресс, 2025. х.126-143.) номынхоо хоёрдугаар дэвтэрт энэ болоод бусад олон сонирхолтой хууч буулгасныг бухын хамар шогнойх цаг дор уншиж дүүргээд, өдрийн эхлэл буюу алганы хээ тодрон харагдах мөчүүдэд үүнийг бичиглэн гүйцээвэй.
Салчак Тогоогийн оронд Тувагийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 1973 онд томилогдон 1991 он хүртэл энэ албыг хашсан Григорий Чоодуевич Ширшин бол халх эх, тува эцэгтэй, 1945 он буюу 11 нас хүртлээ Завханы Баянтэсийн нутагт амьдарсан хүн бөгөөд 1997 онд Монголын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулж байжээ.
Урианхан Б.ГАЛААРИД
2025.08.26.
Сэтгэгдэл3
Үхэр монголчууд орос хятад америк баруун гээд хооронд хэрэлдэж доромжилж байгааг хараад тэд нар хорвоогийн хамгийн мангарууд гэж боддог байх.
Үнэн,,,ГАЛААРИД хэмээх хүмүүн үнэнийг өгүүлэв,,,,,украины ард түмэн өөрийн газар нутаг дээрээ энх амгалан амьдах ёстой юмаа,,,,оросын фашизм зүгээр л украины газар нутаг крим донбассаас савраа татаа,,,
Тодорхой юм бичээч сэтгүүлч гээд бгаа зүгээр л нэг үнэн худал нь мэдэгдэхгүй шал солиотой юм сараачих юм