sonin.mn

ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 26 /Kyodo/. Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж, оператор компани даваа гарагт 14 дэх үе шатны ажлыг дуусгажээ.  “Tokyo Electric Power Company” компанийн /TEPCO/ мэдээлснээр, наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Номхон далайд 7900 орчим тонн ус асгасан байна. Ингэснээр нийтдээ 110 мянга орчим тонн ус асгаад байгаа бөгөөд ойр орчмын усанд тритийн хэмжээ хэвийн байна.


Далайд ус асгах хамгийн сүүлчийн үе шатны ажиллагааны үеэр дээж авсан далайн усны литр тутамд 61 беккерель тритий байгааг илрүүлсэн нь ус асгах ажиллагааг зогсооход хүргэх 700 беккерелийн босго хэмжээнээс хамаагүй доогуур, мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон ундны усны 10 мянган беккерелийн хязгаараас нэлээд доогуур байв. Ирэх гуравдугаар сар хүртэл үргэлжлэх санхүүгийн жилд долоон ээлжээр 54 600 тонн усыг далайд асгахаар төлөвлөөд байна. Хамгийн сүүлийнх бол энэ оны дөрөвдүгээр сараас хойш явуулсан гурав дахь үе шат юм.


Хятадын талын цуглуулсан далайн ус болон далайн амьтдын дээжинд ямар нэгэн хэвийн бус үзүүлэлт илрээгүй тул энэ оны зургаадугаар сард Японы далайн бүтээгдэхүүний импортод тавьсан хоригоо цуцалсан билээ. Гэвч Фүкүшима, Токио зэрэг 10 мужийн бүтээгдэхүүнийг хориглосон хэвээр байгаа тул Японы тал үлдсэн хязгаарлалтыг аль болох ойрын хугацаанд цуцлуулахыг зорьж байна.


2011 онд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас гарсан ослын дараа тус станцад реакторын хайлсан түлшийг хөргөхийн тулд өдөрт 70 орчим тонн цацраг идэвхт бодис бүхий усыг хуримтлуулсан юм. Тритийгээс бусад ихэнх бодисыг арилгадаг шингэн боловсруулах системээр цэвэрлэсний дараа бохир усыг саванд хадгалсаар иржээ. АЦС-ын цацрагт идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах ажиллагаа 2023 оны наймдугаар сарын 24-нөөс эхэлсэн бөгөөд 2051 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Цэвэрлэсэн усыг далайд асгахаас өмнө Японы аюулгүй байдлын стандартын дагуу 40:1 гэсэн харьцаагаар далайн усаар шингэлж байгаа ажээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг