
2025 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ний өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний уулзалт Хятадын далайн эргийн үзэсгэлэнт хот Тяньжиньд болно. Энэ удаагийн уулзалтад 20 гаруй улсын төрийн тэргүүн, олон улсын 10-аад байгууллагын удирдагч оролцож, бүс нутгийн тогтвортой байдал, хамтын хөгжилд ШХАБ хэрхэн хувь нэмэр оруулах талаар хэлэлцэнэ. Хятад улсын дарга Ши Жиньпин уулзалтыг даргалж, “Шанхайн үзэл санаа” буюу харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, эрх тэгш байдал, зөвшилцөл, соёл иргэншлийн ялгааг хүндэтгэж, хамтын хөгжилд тэмүүлэх үзэл баримтлалыг дахин тодотгоно. Энэ удаагийн уулзалт нь ШХАБ-ын түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж буй нь онцлог юм.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг зургаан улс хамтран байгуулсан. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилгатай энэ байгууллага түүхэн холбоотой. 2013 онд Казахстанд айлчлах үеэр Ши Жиньпин “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн санаачилгыг дэвшүүлж, удалгүй Бишкек дэх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохдоо тэрээр "Торгоны замын үзэл санаа"-г уламжлан хөгжүүлэхийг уриалсан юм.
Өдгөө “Бүс ба Зам”-ын хүрээнд ШХАБ-ын гишүүн орнуудын хооронд бодлого, дэд бүтэц, худалдаа, банк санхүү, ард түмний харилцааны уялдаа холбоо эрчимтэй хөгжсөний нэг жишээ нь Хятад–Киргиз–Узбекийн төмөр замын төсөл гурван улсын стратегийн чухал хамтын ажиллагааны бэлгэдэл болсон юм.
Ши Жиньпин ШХАБ-ын хүрээнд соёл иргэншлүүдийн харилцан суралцах, тэгш хүндэтгэлтэй харилцах үзлийг идэвхтэй урагшлуулж ирсэн. 2018 оны Чиндао хотын дээд хэмжээний уулзалтад тэрээр “соёл иргэншлийн ялгааг ойлголцлоор, зөрчлийг харилцан суралцахаар даван туулъя” хэмээн уриалж байв.
Түүнчлэн Ши Жиньпин уламжлалт соёл, түүхийн өвийг хамгаалахыг байнга онцолдог. 2013 онд Узбекистанд айлчлахдаа тэрээр Хивагийн түүхэн дурсгалыг сэргээн засах төслийг эхлүүлж, 2019 онд амжилттай дуусжээ. 2022 онд Узбекистанд дахин айлчлахдаа тэрээр Хивагийн дурсгалын цомготгол загварыг бэлэглэсэн нь хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон юм.
Ши Жиньпин ШХАБ-ыг “манай нийтлэг гэр орон”, “том гэр бүл” хэмээн нэрлэж ирсэн. Энэ байгууллага эвсэлд үл нэгдэх, үл сөргөлдөх, гуравдагч этгээдэд үл чиглүүлэх нээлттэй, багтаамжтай хамтын ажиллагааг баримталдаг.
Сүүлийн жилүүдэд гишүүдийн тоо нэмэгдэж, 2017 онд Энэтхэг, Пакистан, 2023 онд Иран, 2024 онд Беларусь нэгдсэнээр ШХАБ-ын гишүүн орон 10 болж, ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнуудыг хамруулан нийт 26 орныг нэгтгэж, хамгийн өргөн цар хүрээтэй бүс нутгийн байгууллага болон өргөжив.
Ши Жиньпин “ШХАБ бол бидний хамтын гэр бүл” хэмээн онцлон тэмдэглэж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтдаа байгуулахын төлөө зүтгэхийг уриалж ирсэн юм.
“Шанхайн үзэл санаа”-нд тулгуурласан ШХАБ нь хөрш орнуудын найрамдлыг гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаар “тэг нийлбэртэй тоглоом”-ыг даван туулж, олон талт үзлийг бататган, бүс нутгийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Хөгжил дэвшил, эв нэгдлийн төлөөх “ШХАБ-ын дуу хоолой” дэлхийн тавцанд улам тод сонсогдсоор байна.
Сэтгэгдэл0