
Нэгэн цагт, нийтээрээ жигшин эгдүүцэж байсан нүүрсний хулгай мартагдаж, нүүрсний хулгайч нар улс төр, бизнесээ хийгээд “сүүл өөдөө” явах болжээ. Тухайн үед нь хууль үйлчилж, нам дарж аваагүйн үр дүн тэр.
Ер нь бол, нүүрсний хулгай Тавантолгойн бүлэг ордод төрийн, түмний өмнөөс үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” гэж эрх мэдлийн аясаар ажилладаг компаниар голлож дамждаг байсан.
Тэр нь одоо дахиж магадгүй болжээ. Ийм эмзэглэл, болгоомжлол үүсэх тодорхой нөхцөл үүссэн байна.
Тодруулбал, засаг солигдоод л тус компанид дахин онцгой дэглэм тогтож, БЭТ томилсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зуны турш боловсон хүчний холио солио явагдсан. Тэр нь саяхан дууссан.
Улмаар, тус компаниар дамжуулан Тавантолгойн бүлэг ордод олборлолт, тээвэрлэлт, экспорт хийх санаачилга гараад УИХ-д тогтоолын төсөл хэлбэрээр очоод байна.
“Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” уг төсөлд “...Үндсэн хуулийн 6.2, УИХ-ын тухай хуулийн 5.1, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2.а, 11.1.2.б, 10.1.2 дахь заалтуудыг үндэслэн УИХ-аас тогтоох нь” гээд
“...Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулж,
одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах зарчмыг баримтлан, тухайн орд газруудыг урт, удаан хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулагч хуулийн этгээдүүдтэй хууль тогтоомжийн хэлцэл хийж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд урт, дунд, хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан төсөл, хөтөлбөрүүд болон эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, энэ тогтоолын дээрх заалтыг хэрэгжүүлэхдээ урт хугацааны гэрээний үндсэн дээр иж бүрэн цогцоор нь ашиглах талаар олборлолт, тээвэрлэлт, экспортыг гүйцэтгэх хамтрагч, хөрөнгө оруулагчдад санал болгож, хэлцэл хийх замаар эргэлтэд оруулах, энэ тогтоолын дээрх заалтуудаар хэлцлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй, үр ашигтай хийх, Тавантолгойн бүлэг ордын үйл ажиллагаанд олон улсын стандартыг нэвтрүүлж, үр ашгийг хөндлөнгийн олон улсын аудитаар хянуулж тайлагнах зарчмыг тогтоох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Ерөнхий сайд Г.Занданшатарт даалгасугай” гэжээ.
Энд, “...Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг ашиглах талаар олборлолт, тээвэрлэлт, экспортыг гүйцэтгэх хамтрагч, хөрөнгө оруулагчдад санал болгож, хэлцэл хийх замаар эргэлтэд оруулах” гэсэн гол агуулга бий.
Уг нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн бүлэг ордод шат дараатай олборлолт, ашиглалтыг явуулах стратеги, төлөвлөгөөтэй явж байгаа юм. Мөн, нүүрсний борлуулалтыг биржээр хийдэг болсон. Тийм хуультай.
Харин УИХ энэхүү тогтоолыг баталбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн яг одоо ажиллаж байгаа талбайгаас бусдад зөвхөн журмаар зохицуулагдсан цоо шинэ үйл ажиллагаа явагдах нөхцөл үүснэ.
Өөрөөр хэлбэл, Тавантолгойд нүүрсний хулгайг “дахиулж” болзошгүй тогтоолын төсөл УИХ-д очжээ. Уг төслийг УИХ хэлэлцэж таарна. Харин яаж шийдэх бол?
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл5
Тавантолгойн ордын өрмийг нь Ухаа худгийг авсан Оджаргал ! бүхэл нэг мөрөгцөгийг бүхэлд нь авсан ажнай Батэрдэнэ хоёр бол нүүрсний нэг хоёр номёрийн хамгийн том хулгайч нар нь юм ! Гурав дахь дөрөвдэхь нь хэн бэ ! таагаарай ! би тааж байна !
Оюукагаа алдсан монгол хөөрхий
арчаагүй төртэй юмдаа бид
УИХ-д суусан хэдэн шуналтнууд л тонох хулгайлах аргаа хайж, хийх гэж байгаа юм. Дамдинням гэдэг эргүү шуналтны хийж байгаа ажил. Ер нь улс төрийн намууд цэвэршээгүй тохиолдолд улс хөгжих тухай ярихын ч хэрэггүй.
Оюун-Эрдэнийг элдвээр гүтгэж байгаад хар массаар балбуулсаар ерөнхийлөгчтэй түнжин хагаралдуулаад түүний хүчийг ашиглаж Оджаргал, Элбэгдорж, сахал Эрдэнэбилэг, Баярцогт, Учрал, Жавхлан нар засгаас зайлуулсны цаад гол зорилго нь энэ шүү дээ. Тавантолгойн араас одоо Эрдэнэт, Дарханы төмөрлөг, Багануур гээд бүх төрийн өмчит стратегийн ордуудаа хувьд шилжүүлэх нэрээр өөрийн болгоцгооно биз хөгийн новшнууд. Ард түмэн Хүрэлсүхэд яаж итгэж байлаа. Өчүүхэн эрх ашгаас болж Оюун-Эрдэнийг Баттулгатай холбоотой мэтээр гүтгэсэн гүтгэлэг өнөөдөр бүр ч хүчээ авч байна. Харамсалтай. Үр дүнд нь МАН-ын нэр хүнд шалбааг болно хохь нь ээ. 27, 28 онд МАН нар үзэхээсээ өнгөрсөн.