sonin.mn

2025 оны 9 дүгээр сарын 8-нд БНХАУ-ын Фүжянь мужийн Шямэнь хотноо Хятадын Олон Улсын 25 дугаар Хөрөнгө оруулалт, худалдааны яармаг (CIFIT) “Хятадад хамтран, ирээдүйд хөрөнгө оруулъя” уриан дор болж, 100 гаруй улс орон, бүс нутгийн төр, хувийн хэвшлийн төлөөлөл өргөнөөр оролцож байна.

Энэ жилийн үзэсгэлэн нийт 120 мянган метр квадрат талбайг хамарч, хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих чиглэлээр 100 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөгджээ. Ингэснээр CIFIT нь Хятадын хөрөнгө оруулалтын нээлттэй стратегийг олон улсад харуулах, хоёр талт хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх чухал платформ болон төлөвшиж буй гэнэ.



Энэ удаагийн яармагт технологийн дэвшлийг ашиглан офлайн болон онлайн хэлбэрээр хөрөнгө оруулагчидтай холбогдох боломж бүрдүүлжээ. “Хөрөнгө оруулалтын үүлэн яармаг” хэмээх цахим платформд одоогийн байдлаар 4000 гаруй төсөл байрлаж, хөрөнгө оруулагчидтай шуурхай, үр дүнтэй холбогдох нөхцөлийг бүрдүүлсэн аж.


CIFIT-2025-ын хүрээнд “Олон улсын хөрөнгө оруулалтын форум-2025”, “Гү Лан Юй форум” зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ үеэр “Дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан-2025”, “Хятадын гадаад хөрөнгө оруулалтын тайлан-2025”, “Хятадын хоёр талт хөрөнгө оруулалтын тайлан-2025”, “RCEP худалдааны зээлийн орчны тайлан” зэрэг 21 нэр төрлийн албан ёсны тайлан, мэдээлэл анх удаа танилцуулж байгаа гэнэ.


CIFIT нь 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж, олон улсын хамтын ажиллагааны гэрээ хэлцэл, хөрөнгө оруулалтын төслүүдийг амжилттай эхлүүлж ирсэн түүхтэй.




Монгол Улсын хувьд CIFIT нь хөрөнгө оруулалтын шинэ түншүүдтэй холбогдох, эдийн засгийн төрөлжилтийг урагшлуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж юм.

Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү татах зорилго тавьж буй. CIFIT бол эдгээр боломжийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах, шинэ түншүүдтэй харилцаа тогтоох хамгийн том талбарын нэг.


Хятад, Монгол хоёр улс Хятадын “Бүс ба Зам” санаачилга болон Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийн хүрээнд уялдаатай олон төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд CIFIT нь эдгээр төслийн хамрах хүрээг тэлж, хоёр талын харилцан хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээж өгч байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг БНХАУ бүрдүүлсэн нь хоёр орны эдийн засгийн харилцааны ач холбогдлыг илтгэнэ.


Мөн CIFIT-д дэлхийн 100 гаруй орны төлөөлөл оролцож байгаа нь Монгол Улсад зөвхөн Хятадтай бус, бусад орны хөрөнгө оруулагчидтай харилцаагаа тэлэх таатай боломж олгож байна. Ялангуяа Европ, Зүүн өмнөд Ази, Ойрх Дорнодын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийх нь олон талын түншлэлийг хөгжүүлэх өргөн боломж нээж буй ажээ.


Г.Бямба