
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад цэргээ байрлуулсан тухай “Khabarhub” цахим хуудсанд мэдээлжээ.
Галдан шатаах, дээрэм тонуул хийх, эвдэн сүйтгэх ажиллагаа хяналтаас гарч, үргэлжилсээр байгаа тул Балбын арми хүчний бусад байгууллагатай хамтран орон нутгийн цагаар 22:00 цагаас цэргээ байрлуулж эхэлсэн байна.
Мягмар гарагт жагсагчид засгийн газрын цогцолбор руу дайран орж, Ерөнхийлөгч Рам Чандра Пауделийн ордон, парламент, Дээд шүүх, эрх баригч “Балбын Конгресс” намын байр, Ерөнхий сайд Шарма Олигийн байрыг галдан шатаасан байна. Ерөнхий сайд огцорч, түүний оронд Катманду хотын дарга Балендра Шахыг томилохыг шаарджээ.
Балбын арми Ерөнхийлөгч болон сайд нарыг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлжээ. Сангийн сайд Бишну Прасад Паудель жагсагчдад зодуулсан байна. Дараа нь жагсагчид Ерөнхий прокурорын газрын байр болон тойргийн шүүхийн байр руу дайран орж, хэргийн материалуудыг гарган шатаажээ. Мөн Ерөнхий сайд асан Натх Кханал Жалын байшинг галдан шатаасан бөгөөд түүний эхнэр галд өртөж нас барсан байна.
Лалитпур хотын шоронгоос 1500 орчим хоригдол оргожээ. Цагдаагийн ерөнхий газрын гадна буудалцаан болсон байна. Сүүлийн мэдээллээр, үймээний үеэр 22 хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтэж шархаджээ.
Катманду хотын нисэх онгоцны буудлыг хааж, бүх нислэгийг цуцалсан байна. Жагсагчид мөн Бхайрахава нисэх онгоцны буудлыг галдан шатаасан байна.
Балбын эрх баригчид Meta, Alphabet (YouTube), X, Reddit болон LinkedIn зэрэг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн яаманд бүртгүүлээгүй нийгмийн сүлжээнүүдийг хориглох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гаргажээ. Улмаар есдүгээр сарын 8-нд Катманду болон бусад хотод залуус голдуу оролцсон жагсаалууд эхэлсэн бөгөөд хэвлэлүүд үүнийг “Z үеийнхний хувьсгал” хэмээн нэрлэжээ. Мягмар гарагт Балбын Засгийн газар нийгмийн сүлжээнүүдийн үйл ажиллагааг дахин нээсэн ч үймээн самуун зогссонгүй.
Балбын Ерөнхийлөгч ойрын хугацаанд улс төрийн бүх намын төлөөлөлтэй болон жагсаалыг эхлүүлсэн “Generation Z” хөдөлгөөний төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөжээ. Тус хөдөлгөөний төлөөлөгчид Катманду дахь үймээн самуун, галдан шатаалтад ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Монголд тун удахгүй тэмцэл бослого эхэлнээ .. юунаас болж гээч ? ШҮҮХ -с болж.. авиллагийн жинхэнэ уурхай тэнд бий..!!!!