
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 19 /AP/. Чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Nvidia” компани таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг “Intel” компанид хийхээр болсноо пүрэв гарагт зарлаж, хүнд нөхцөл байдалд ороод буй хагас дамжуулагч компанитай хамтран ажиллана гэдгээ мэдэгджээ.
“Nvidia”-гийн мэдэгдсэнээр, “Intel”-ийн энгийн хувьцааг худалдаж авахад таван тэрбум доллар зарцуулах бөгөөд нэгж хувьцааг 23.28 ам.доллароор үнэлэх ажээ.
Зохицуулах байгууллагаас зөвшөөрөл авах ёстой уг хөрөнгө оруулалтын талаарх мэдэгдлийг АНУ-ын Засгийн газар “Intel”-ийн хувьцааны 10 хувийг худалдаж авснаас хойш нэг сарын дараа хийж байна. “Nvidia”-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуан үүнийг “дэлхийн жишигт нийцсэн хоёр платформын нэгдэл” гэж нэрлээд, ингэснээр ихэнх зөөврийн компьютерыг ажиллуулдаг CPU гэгддэг чипүүдийг үйлдвэрлэх “Intel”-ийн хүчин чадлыг хиймэл оюун ухаанд чухал ач холбогдолтой тусгай график чипүүдэд түлхүү анхаарал хандуулж буй “Nvidia”-гийн үйл ажиллагаатай хослуулна гэлээ.
“Энэхүү хамтын ажиллагаа нь тооцоолол үндсээрээ өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрсөн явдал болж байна. Хурдасгасан, хиймэл оюун ухаант тооцооллын эрин үе ирж байна” гэж Ж.Хуан пүрэв гарагт сэтгүүлчдэд хэлжээ.
Дээрх мэдээг цацагдсаны дараа “Intel”-ийн хувьцааны ханш 23 орчим хувиар өссөн нь 1987 оноос хойших нэг өдрийн хамгийн том өсөлт боллоо. Мөн “Nvidia”-гийн хувьцаа 3 гаруй хувиар өсжээ.
Энэхүү гэрээ нь суурин компьютерын өсөлтийн ачаар олон арван жилийн турш ашигтай ажиллаж байсан Цахиурын хөндийн анхдагч компани болох “Intel”-ийн хувьд чухал үйл явдал болж байгаа юм. 2007 онд iPhone гар утсыг танилцуулснаар эхэлсэн гар утасны эрин үед шилжиж чадаагүйн улмаас тус компани уналтад орсон билээ.
“Nvidia”-г дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани болгож чадсан хиймэл оюуны хөгжлийн үед “Intel” улам бүр хол хоцорч үлджээ. “Intel” өнгөрсөн онд ойролцоогоор 19 тэрбум ам.доллар, энэ оны эхний зургаан сард дахин 3.7 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн бөгөөд 2025 оны эцэс гэхэд ажиллах хүчээ дөрөвний нэгээр бууруулах төлөвтэй байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өнгөрсөн сард тус компанийн хувьцааны 10 хувийг /нэгж хувьцааг 20.47 ам.доллароор/ худалдан авснаар “Intel”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг болсон юм. АНУ-ын технологи, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд “Intel”-д хөрөнгө оруулалт хийсэн гэж албаны хүмүүс мэдэгдсэн билээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0