
Гурван сар гаруй холбоогүй байсныхаа дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар дахин утсаар ярилцав.
9-р сарын 19-ний орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярилцаж, одоогийн Хятад Америкийн харилцаа болон хамтаар сонирхож буй асуудлаар санал бодлоо илэн далангүй, гүнзгий солилцож, Хятад Америкийн дараагийн шатны харилцаа тогтвортой хөгжилд шинэ чиглэл үзүүлэв. Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад Америкийн харилцаа маш чухал бөгөөд харилцан бие биенээ амжилтад хүргэж, хамтдаа хөгжиж, хоёр оронд ашиг тус бүтээж, дэлхий дахинд үр өгөөж хүртээх бүрэн боломжтой гэв. Ерөнхийлөгч Дональд Трамп тэмдэглэхдээ, Америк Хятадын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа юм, хоёр орон хамтран ажиллавал дэлхийн энх тайван тогтвортой байдалд ашигтай маш олон томоохон үйлсийг бүтээж чадна, Хятадын талтай урт хугацааны, сайн сайхан агуу харилцаагаа хадгалахыг хүсэж байна гэв.
Хятад Америкийн төрийн тэргүүн нар энэ удаад утсаар ярилцсан талаар Ассошиэйтед пресс, Үндэсний олон нийтийн радио зэрэг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Хонконгийн "South China Morning Post" сонин, Хятад Америкийн төр тэргүүн нар энэ удаа утсаар ярилцсан нь хоёр том гүрэн харилцаагаа тогтворжуулахын тулд хийсэн сүүлийн үеийн хүчин чармайлт болохыг харуулж байна гэж тайлбарлав. Хятадын Ардын их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн профессор Дяо Дамин хэлэхдээ, төрийн тэргүүн нарын дипломат харилцаа нь Хятад Америкийн харилцаанд стратегийн удирдан чиглүүлэлтийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Хоёр орны төрийн тэргүүн нар энэ удаа утсаар ярилцсан нь хоёр талын эдийн засаг худалдааны зөвшилцөл, яриа хэлэлцээг цаашид ахиулж, Хятад Америкийн харилцааны ерөнхий тогтвортой байдлыг хадгалах болно гэв.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Энэ нь Хятад, Америкийн төрийн тэргүүн нар энэ онд гурав дахь удаагаа утсаар ярилцсан явдал бөгөөд цаг хугацаа нь маш онцгой юм. 9-р сарын 3-нд, Хятад улс Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээг зохион байгуулж, Америкийн нисдэг бар ангийн гишүүдийн ар гэрийнхнийг Тяньаньмэний талбайн индэрт урьж, цэргийн парадыг сонирхуулсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед Хятад Америк хоёр орон мөр зэрэгцэн милитаризм, фашизмын эсрэг тэмцэж байсан. Ялсан гол орнуудын хувьд Хятад Америк хамтран Сан Францискогийн үндсэн хуулийн конвенцийг санаачилж, НҮБ байгуулах асуудлыг хамтдаа хэлэлцсэн. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд НҮБ-аар гол цөм болгосон олон улсын тогтолцоо нь дайны дараах дэлхийн энх тайвныг бүхэлд нь баталгаажуулж, дэлхийн хөгжил дэвшлийг ахиулсан. Энэ бол Хятад Америкийн хүч хамтран оруулсан түүхэн чухал хувь нэмэр билээ.
Утсаар ярилцахдаа Ши Жиньпин фашизмыг эсэргүүцсэн Америк зэрэг холбоотон орнуудаас Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайнд олгосон нандин дэмжлэгийг Хятадын ард түмэн мартахгүй гэв. Хятадын Гадаад харилцааны их сургуулийн профессор Ли Хайдүн “Олон улсын тойм”-д хэлэхдээ: Ши Жиньпин даргын хэлсэн үг нь Хятад улс энх тайвныг эрхэмлэн, сайн сайхан ирээдүйг бүтээх эрмэлзлийг илэрхийлсний зэрэгцээ түүхийн зөв үзэл ойлголтыг бий болгохын чухлыг Америкийн талд хандан онцолсон. Америкийн зарим улс төрчид Дэлхийн 2-р дайны түүхийг гуйвуулж, "Тайваний статусыг тодорхойлоогүй" гэгчийг хөөрөгдөн сүржигнэж байгаа энэ үед, Дэлхийн 2-р дайны үед Хятад Америк мөр зэрэгцэн тэмцэж явсан найрамдалт харилцааг эргэн харах нь хоёр улс түүхэн эрхэм зорилго болон том гүрнүүдийн үүрэг хариуцлагыг ойлгож, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн эрчимжүүлэхэд тустай гэв.
80 жилийн өмнө Хятад Америк энх тайван, шударга ёсны төлөө мөр зэрэгцэн тэмцэж байсан билээ. Эдүгээ Хятад Америк нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд, шинэ эриний дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллаж, том гүрнүүдийн үүрэг хариуцлагаа үүрэглэх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд Америк нь Хятад улсын эсрэг тарифын дайн эхлүүлж, Хятад улсын дэвшилтэт технологийн аж үйлдвэрийг хязгаарлаж, дарамталж, "үндэсний аюулгүй байдал" гэгчийг байнга шалтаг болгон ашиглаж, Хятад улсын компани Америкт очиж өргөжин хөгжихөд саад тотгор тавьсан нь Хятад Америкийн харилцаанд хүндрэл учруулсан юм.
Энэ оны 5-р сараас хойш Хятад Америкийн төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтын удирдан чиглүүлэлт дор хоёр талын ажлын хэсэг эдийн засаг худалдааны дөрвөн удаагийн хэлэлцээ хийлээ. Ерөнхийд нь авч үзвэл, Хятад Америк эрх тэгш яриа хэлцлээр дамжин харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, итгэлцэл, нийтлэг ойлголтыг хуримтлуулж, харилцан тэгш үйл ажиллагаа явуулж байна. Хятад Америкийн эдийн засаг худалдааны тогтвортой харилцаа нь хоёр орон төдийгүй дэлхий нийтийн хөгжилд ч чухал ач холбогдолтойг хоёр тал хамтдаа тодорхойлсон. Энэ долоо хоногт өндөрлөсөн Хятад Америкийн эдийн засаг худалдааны Мадридын хэлэлцээнд, Хятад Америк нь Тикток-той холбоотой асуудлыг эв зүйтэй шийдвэрлэх зэрэг талаар үндсэн суурь ойлголтод хүрсэн. Гэсэн хэдий ч Америкийн тал ганц талаасаа Хятад улсад эдийн засаг, худалдааны дарамт шахалт, хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлэх буруу үйлдлээ зогсоогоогүй бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүдийн эсрэг хоригийн жагсаалтаа өргөжүүлсээр байна. Үүнтэй холбогдуулан Хятадын тал Америкийн талд маш их анхаарал хандуулж байгаагаа илэрхийлэв.
Энэ удаа утсаар ярилцахдаа Ши Жиньпин хоёр орны харилцааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар Хятадын талын баримталж буй зарчим, байр суурийг тодорхой илэрхийлэв. Тухайлбал: Хоёр орон тал талаас ойртож, хүчин чармайлт гаргах ёстой. Америкийн тал ганц талаасаа худалдааны хязгаарлалтын арга хэмжээ авахаас зайлсхийж, хоёр тал олон удаагийн зөвшилцлөөр хүрсэн үр дүнг алдагдуулахаас сэргийлэх ёстой. Тикток-той холбоотой асуудалд, “компаниуд зах зээлийн дүрэмд тулгуурлан худалдааны хэлэлцээг сайтар хийж, Хятад улсын хууль тогтоомж, ашиг сонирхлын тэнцвэржүүлэлтэд нийцсэн шийдвэрлэх төсөл тохиролцсонд баяртай байна”. Хятадын компаниуд Америкт очиж хөрөнгө оруулалт хийхэд нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчин хангахыг Америкийн талд хүсэж байна гэсэн юм. Дональд Трамп хэлэхдээ, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулахыг Америкийн тал хүсэж байгаа бөгөөд хоёр талын ажлын хэсэг зөвшилцөж, Тикток-той холбоотой асуудлыг эв зүйтэй шийдвэрлэхийг дэмжих болно гэв. Арилжааны хэлэлцээр хийж, Хятадын хууль тогтоомжид нийцсэн, ашиг сонирхлыг тэнцвэржүүлсэн шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр мөн АНУ-д хөрөнгө оруулж буй Хятадын компаниудад нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчныг бүрдүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Д.Трамп хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, ТикТок-ийн асуудлыг зөв шийдвэрлэхийн тулд хоёр багийн зөвлөлдөх уулзалтыг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Энэ удаа утсаар ярилцсан нь Хятад Америк ТикТок-той холбоотой асуудлыг шийдвэрлэх хэлэлцээр тохиролцоход чухал ахиц гаргасныг харуулж байна гэж зарим шинжээчид үзжээ. Гэхдээ нэг талаар Америкийн анхаарал хандуулж буй асуудлыг Хятад улс харгалзан үзэхийг эрмэлзэж, нөгөө талаар Хятадын компани нэгжид үргэлжлэн дарамт шахалт өгч, Хятадын талын ашиг сонирхлыг хохироож болохгүй, Хятад Америкийн хамтын ажиллагаа заавал эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай байх үндэс суурьд тулгуурлагдах ёстой гэдгийг Хятадын тал Америкт тодорхой анхааруулсан. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Олон улсын стратегийн зөвлөхүүдийн олон улсын улс төрийн судалгааны газрын захирал Жао Хай хэлэхдээ, Хятад Америк хэрэв ихээхэн санал зөрөлдөөнтэй байгаа ТикТок-ийн асуудлыг шийдвэрлэж чадвал тус орны компани нь нөгөө орны зах зээлд бизнес эрхлэж хөгжихөд нөхцөл боломж бүрдүүлэх бөгөөд Хятад Америк нь эдийн засаг худалдааны бусад асуудлыг шийдвэрлэхэд тустай болно гэв.
Хятадын талаас Америк хоорондын харилцаанд авч буй байр суурь бол тууштай бөгөөд тодорхой, тухайлбал Ши Жиньпин даргын онцлон тэмдэглэсэнчлэн, “харилцан хүндэтгэж, энх тайван зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх” явдал юм. Гэтэл Америкийн талд өдгөө Хятад улсад хандсан тодорхой, мэргэжлийн бодлого дутмаг байж, Хятад улсын тухай зөв зүйтэй ойлголтыг бий болгох нь Америкийн талын шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудал юм.
Хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдан чиглүүлэлтийг гуйвшгүй дагаж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг бүрэн сайтар хэрэгжүүлснээр Хятад Америк санал зөрөлдөөнөө эв зүйтэй зохицуулж, шинэ эриний хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх замыг бий болгож чадах болно. Энэ нь мөн дэлхий дахины өмнө Хятад Америкийн хүлээх ёстой том гүрнүүдийн хамтын үүрэг хариуцлага юм." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0