
Төрийн үйлчилгээг ухаалгаар хүргэх E-Mongolia 5.0 шинэчилсэн хувилбар энэ сарын 20-нд буюу өнгөрсөн Бямба гарагт нээгдлээ.
Ингэснээр,
-Хиймэл оюунд суурилсан чатбот,
-Цахим хэтэвч, нэг цонхны төлбөрийн систем,
-Олон хэл дээр лавлагаа авах боломж,
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тохиргоо зэрэг илүү хүртээмжтэй, илүү дэвшилтэт шийдлүүдийг багтааж байгаагаараа онцлог юм.
Түүнчлэн “Алсын хараа 2050”-д цахим баримт бичиг, цахим засаглалыг бэхжүүлэх талаар тодорхой тусгасан.
Тэдгээр зорилтын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугарын санаачлага, дэмжлэгээр тус яамны ажлын хэсгийн хийж буй дорвитой алхмын нэг нь иргэд ийнхүү E-Mongoliа системд нэвтэрч, цахим баримт бичгийн нэгдсэн систем E-Geree-ээр дамжуулан иргэд хоорондын дараах 5 төрлийн гэрээг баталгаажуулах боломжтой боллоо.
Үүнд:
-Зээлийн гэрээ (иргэд хоорондын / сараар эсвэл хоногоор)
-Түрээсийн гэрээ (иргэд хоорондын / хугацаатай эсвэл хугацаагүй)
-Тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ (иргэд хоорондын / хугацаатай)
-Оффисын талбайн түрээсийн гэрээ (иргэд хоорондын / хугацаатай)
-Худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ (иргэд хоорондын / хугацаатай) зэрэг гэрээ багтаж байна.
Иргэд E-Mongoliа системд нэвтэрч, эдгээр гэрээг цахим орчинд байгуулснаар цаасан хэлбэрээр жил бүр 250 мянган иргэд хоорондын түрэээсийн гэрээ хийдгээс 10%-д нь, 500 мянган иргэд хоорондын зээлийн хэлцэл хийдгээс 15%-д нь шүүхийн маргаан үүсдэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
“5 минутын гэрээ” буюу дээрх 5 төрлийн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуульд нийцсэн, холбогдох гэрээний эрх зүйн зохицуулалтын дагуу болосвруулсан, талуудын эрх, үүргийг тэнцвэртэй тусгасан жишиг баримт бичиг гэнэ. Энэхүү гэрээ нь шаардлагатай мэдээллээ бөглөөд, илгээхэд хангалттай бөгөөд цаасаар 1-3 хоног хүлээгддэг гэрээг ердөө 5-хан минутад баталгаажуулах боломжийг олгох аж.
Ингээд ДАН системээр хувийн мэдээллээ баталгаажуулсан иргэд хурдан, хялбар, найдвартай гэрээг өдөр тутамдаа хийж болж байна.
Сэтгэгдэл1
Ашиглаж чадвал ёстой сайхан зүйл болж