sonin.mn

Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар Дахь Студи БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвтэй хамтран зохион байгуулсан “Даян дэлхийн засаглал” тусгай сэдэвт лекц 9-р сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод боллоо.



Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн, Хятад судлаач, нэрт орчуулагч М.Чимэдцэеэ Хятад улсын даргын өмнө нь дэвшүүлсэн даян дэлхийн гурван том санаачилгыг танилцуулсан бол “Бүс ба зам” Хамтын хөгжил судалгааны төвийн тэргүүн, хятад судлаач, Доктор, Т.Чулуун-Эрдэнэ “Даян дэлхийн засаглалын санаачилга: Ач холбогдол хийгээд хөрш зэргэлдээ улс орнуудад үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл тавилаа.



БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн дарга Ли Жы арга хэмжээг нээж үг хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орон бол уул усаараа холбогдсон сайн хөрш. Сүүлийн жилүүдэд "Бүс ба зам" санаачилга болон "Талын зам" стратегийн уялдаа ихээхэн үр дүнд хүрч буйг тахлын эсрэг хамтын ажиллагаа, соёлын солилцоо зэргээс илхэн харж болно. Эдгээр нь дэлхийн засаглалын санаачилгын тод илэрхийлэл юм. Эрх тэгш, харилцан ашигтай байж, хамтдаа хөгжихийг зорьсон Хятад Монгол хоёр орон бүс нутгийн засаглалын сайн үлгэр жишээ болж байна гэлээ.




Профессор М.Чимэдцэеэ илтгэлийнхээ үеэр хэлэхдээ, Даян дэлхийн санаачилга нь харилцан холбоотой, харилцан шүтэлцээтэй, харилцан нөхцөлдсөн, хүн төрөлхтний нийгмийн дэвшлийн том асуудалтай нягт уялдсан, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоох тулгуур болсон, илүү сайн сайхан дэлхий ертөнцийг бүтээхэд чиглэсэн Хятад улсын оюун ухаан, Хятад улсын хувилбар мөн хэмээн судлаачид, улс төрчид онцолж байна гэлээ.




Доктор Т.Чулуун-Эрдэнэ хэлэхдээ, Даян дэлхийн засаглалын санаачилгын цөм зарчим нь Монгол улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын үндсэн зарчмуудтай нийцэж буй бөгөөд хамтын ажиллагаагаар дамжуулж эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилготой ижилхэн байж, илүү өргөн олон талт талбар хийгээд илүү тогтвортой хөрш зэргэлдээ орны орчноор хангаж өгч байгаагаар ач холбогдол өндөр гэж үзэж байна гэлээ.




Арга хэмжээнд Монголын олон улсын судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн нийт 50 гаруй хүн оролцлоо.


Г.Бямба