sonin.mn

БАМАКО, 2025 оны есдүгээр сарын 23 /DW/. Мали, Буркина Фасо, Нижер улсууд Олон улсын эрүүгийн шүүхээс /ОУЭШ/ гарч байгаагаа даваа гарагт зарлажээ.

Энэхүү шүүх нь “империализмын гар дахь шинэ колончлолын хэлмэгдүүлэлтийн хэрэгсэл болон хувирсан” гэж цэргийнхнээр удирдуулсан Баруун Африкийн орнуудын хамтарсан мэдэгдэлд дурдсан байна. Үүнээс шалтгаалан ОУЭШ-ийг “ялгаварлан гадуурхаж шүүдгийн жишээ болсон" гэж буруутгажээ.


“ОУЭШ нь нэгэнт нотлогдсон дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, геноцидын гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх, яллах чадваргүй гэдгээ харуулсан” гэж Баруун Африкийн улсууд мэдэгдсэн байна. Цэргийнхнээр удирдуулсан эдгээр улс өмнө нь Баруун Африкийн орнуудын эдийн засгийн нийгэмлэгээс /ECOWAS/ гарч буйгаа зөвтгөхийн тулд дээрхтэй төстэй тайлбарыг хийж байв.


Гурван улс мөн “энх тайван, шударга ёсыг бэхжүүлэх уугуул механизмуудыг” бий болгохыг хүсэж байгаагаа мэдэгдсэн байна. 2020-2023 оны хооронд төрийн эргэлт хийснээр Бамако, Уагадугу, Ниамейн засгийн газруудыг унагаасан цэргийн хунтынхан тэр цагаас хойш Сахелийн улсуудын холбоо /AES/ гэдэг нэртэй холбоог байгуулжээ.


Тэд барууны орнуудаас, ялангуяа колончлогч байсан Францаас улам хөндийрч, цэргийн хамтын ажиллагааны тал дээр Орос руу ойртож байна. Баруун Африкийн орнууд “Аль-Каида” болон “Лалын улс”-тай холбоотой жихадист бүлэглэлүүдийн хүчирхийлэлд өртөж байгаагийн зэрэгцээ хунтыхныг мөн адил энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байна.


ОУЭШ-ийн харьяалал гэж юу вэ?


ОУЭШ нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг яллах байнгын ажиллагаатай олон улсын шүүх юм. Шүүхийн төв байр Хааг хотод байрладаг бөгөөд 2002 оноос хойш геноцид, дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг зэрэг хамгийн аймшигтай гэмт хэргүүдийг шүүж байна.


Дэлхийн хүчирхэг гүрнүүд, АНУ, Хятад, Орос улсууд шүүхийг үүсгэн байгуулах Ромын дүрмийг соёрхон батлаагүй тул ОУЭШ-ын гишүүн биш юм. Израил ч мөн гишүүн биш бөгөөд ард түмэн, нутаг дэвсгэрийнх нь талаарх ОУЭШ-ийн шүүх эрхийг хүлээн зөвшөөрдөггүй байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг