
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 25 /AP/. Барбадосын алдарт дуучин Рианна болон Америкийн репэр A$AP Rocky нар гурав дахь хүүхэд болох охин Рокигоо өлгийдөн авснаа олон нийтэд зарлажээ.
Рианна лхагва гарагт “Instagram” хуудсаараа дамжуулан Роки Айриш Майерс төрснийг зарласан байна. Ингэхдээ 37 настай дуучин бүсгүй нялх хүүхдээ тэвэрсэн зургаа хүүхдийн гуталны зургийн хамтаар нийтэлжээ.
Эдгээр зургийн тайлбарт Рокигийн нэр, төрсөн огноо буюу есдүгээр сарын 13-ны өдөр, мөн ягаан туузан эможи тавьсан байлаа. Энэ оны тавдугаар сард болсон “Met Gala” ёслолын үеэр жирэмсэн болсноо зарласан Рианна том бүрх малгай болон гэдсээ тодотгон харуулсан хослол өмссөн байсан юм.
Хос хоёр хүүхэдтэй болох гэж байгаагаа дуулиантайгаар зарладаг уламжлалтай бөгөөд Рианна 2023 оны “Super Bowl”-ийн тайзнаа гарахдаа жирэмсэн болсноо зарлаж, тухайн оны сүүлчээр тэдний хүү Райот Роуз төржээ.
Анх 2020 онд харилцаагаа олон нийтэд ил болгож байсан тэд 2022 оны тавдугаар сард анхны хүүхэд RZA-аа өлгийдөн авсан билээ. Энэ оны хоёрдугаар сард A$AP Rocky галт зэвсгийн хэргээр гэм буруугүй нь тогтоогдсоноос хойш хэдхэн сарын дараа тэдний гурав дахь хүүхэд мэндэлсэн байна. Шүүхийн шийдвэрийг унших үед тэрбээр баярлаж хөөрөн Рианнаг тэврэн авч байгаа нь харагдсан юм.
Рианнагийн хувьд шүүх хурлын танхимд байнга ирж, эцсийн шийдвэрийг танилцуулах хуралд хоёр хүүгээ авчирсан байна. “Грэмми” ёслолын есөн удаагийн шагналт Рианна “We Found Love”, “Work”, “Umbrella”, “Disturbia” зэрэг “Billboard Hot 100” шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсэн 14 хит дуутай.
Тэрбээр 2017 онд нүүр будгийн “Fenty Beauty” брэндийг үүсгэн байгуулжээ. 2011 онд “A$AP Mob” хип хоп хамтлагийн гишүүнээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн A$AP Rocky-гийн хувьд 2013 онд анхны студийн цомог болох “Live, Love, A$AP” цомгоо гаргасан нь шилдэг цомгуудын жагсаалтыг тэргүүлж байжээ. Тэрбээр “Грэмми”-д хоёр нэр дэвшиж байсан бөгөөд саяхан “Highest 2 Lowest” кинонд Америкийн жүжигчин Дензел Вашингтонтой хамт тоглосон байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0