sonin.mn

Хөдөөнөөс хотыг зорих их нүүдэл сүүлийн 30 гаруй жил үргэлжилж, өдгөө засаг төрийн толгойны өвчин болсон. Тэгвэл эсрэгээрээ хотоос хөдөөг зорьж, амжилттай ажиллаж буй Н.Саранзаяаг бид онцолж байна. Тэрээр хоёр жилийн өмнө Улаанбаатараас Говьсүмбэр аймгийн Чойр хотод шилжин суурьшжээ.


Энэ тухайгаа тэрээр “Түгжрэл, агаарын бохирдол, нийгмийн стресс зэрэг олон зүйлсээс шалтгаалж Улаанбаатар хотоос нүүмээр санагдах болсон. Тэр үед надад олон газраас ажиллах санал ирсэн. Тэр дундаас хоттой ойр гэдгээр нь Говьсүмбэр аймгийг сонгосон.


Нөхөр маань ч гэсэн Говьсүмбэрт арван жилийн сургуулиа төгссөн болохоор танил тал ихтэй байсан. Ингээд л бид нүүх шийдвэрт хүрч байлаа. Гэхдээ эхний нэг жил Чойр, Улаанбаатар хот хоёрын хооронд амьдарсан. 2023 онд гэр бүлээрээ нүүж ирсэн” гэсэн юм. Н.Саранзаяа нийгмийн ухааны багш, социологич, сэтгүүлч, редактор мэргэжилтэй. Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт 19 жил ажилласан туршлагатай нэгэн. Тэр ч утгаараа салбараасаа хол шидэгдэлгүй Говьсүмбэр аймагт нүүж очоод нөхөртэйгөө хамт цахим телевиз болох “Чойр тв”-гээ байгуулжээ. Харин нөхөр нь аймгийн Засаг даргын тамгын газар, хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллажээ. Харин энэ жилээс өөрсдийн зорьсон ажил болох "Хайрлахуйн боловсрол" төслөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ талаараа Н.Саранзаяа “Манайх “Би Монгол хүн, хүүхдийн хүрээ” хүүхдийн зуслантай. Зуслангаараа дамжуулан 10 гаруй жил нүүдлийн соёл, “Хайрлахуйн боловсрол” олгосоор ирсэн.


"Хайрлахуйн боловсрол" төсөл маань анх 2015 онд "Даян хүүхдүүд" хөгжлийн төв, “Би Монгол хүн, хүүхдийн хүрээ” зусланд маань хэрэгжиж ирсэн байдаг. Энэ төсөл нь хүн өөрийгөө болон бусдыг, байгаль эх, ахуй соёлоо хайрлан, зохицон амьдрахад чиглүүлэн хөтлөх зорилготой.


Орон нутагт энэ төрлийн төсөл хөтөлбөр маш дутмаг байдаг юм шиг санагдсан. Тиймээс байгууллагынхаа 10 жилийн ойг тохиолдуулан хүүхдээс гадна гэр бүлийн гишүүн бүртэй, СӨБ-ын багш нар, бага ангийн багш нартай тулж ажиллах зорилгоор "Хайрын үр" гэр бүлийн хөгжлийн төвийн анхны салбарыг нээсэн. Өөрөөр хэлбэл, 10 жилийн хугацаанд хүүхэдтэй ажиллах явцдаа зөвхөн хүүхэдтэй ажиллаад үр дүн гардаггүй юм байна. Тиймээс тэдний дэргэд байгаа хүн бүрд нөлөөлж ажиллах нь зөв гэдгийг ойлгосон. Өнөөдрийн байдлаар бид Говьсүмбэр аймгийн хэмжээнд асуудалтай нэг гэр бүлийг сонгон авч жилийн хугацаанд тэдэнтэй ажиллана. Жилийн дараа тухайн гэр бүлд ямар өөрчлөлт гарсныг харах зорилготой” гэсэн юм.


Тус кафе нь бага, дунд, ахлах ангийнхан, гэр бүл, ээжүүд, аавууд, ахмадуудад, хамт олонд зориулсан хөтөлбөр, өглөөний уулзалт, Оpen mic, Мovie night, Гэр бүлийн өдөрлөг, хүүхдийн төрсөн өдөр, сэвлэг үргээх ёслол, ангийн шинэ жил, зохион байгуулах, Номын клуб, ТВ клуб, эмэгтэйчүүдийн клуб зэрэг цогц үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн бүх цаг үед бүх насныханд зориулсан цайны буланг нээсэн байгаа.


Одоогоор 35 нэр төрлийн цай, кофе, шүүсээр үйлчилдэг байна. Цайны буланг нээх болсон нь “Хайрлахуйн боловсрол” төсөлтэй нь холбоотой ажээ. Энэ тухайгаа тэрээр “Жилийн хугацаанд бид нэг гэр бүлтэй ажиллана. Ингэхдээ тэр хүмүүсийг зөөх жолооч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан гээд маш олон хүмүүстэй хамтарна.


Эдгээр хүмүүсийн цалинг цайны булангаасаа олно” гэсэн юм. Нийгмийг өөрчлөхөд хүн бүрийн оролцоо чухал гэж бодож, нийгэмдээ өөрийн хувь нэмрийг оруулах юмсан гэсэн хүслээр Н.Саранзаяа өглөө бүрийг эхлүүлж, завгүй өдөр бүрийг өнгөрөөж байна. Гэвч тэрээр энэ сонголтдоо сэтгэл хангалуун байна. Энэ талаараа “Орон нутагт шилжиж ирсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Хотод бол өдөрт нэг ажил амжуулах гэж маш их цагийг зарцуулдаг. Харин энд бол товлосон цагаасаа таван минутын өмнө гарахад л хүссэн газраа очиж болдог. Тиймээс би өнөөдөр хоёр ажил буюу телевиз болон “Хайрын үр” гэр бүлийн хөгжлийн төвөө зэрэг ажиллуулж чадаж байна” гэсэн юм.


Хотоос орон нутагт очиж амьдрахад үүсдэг хүндрэлтэй зүйл нь тав тухтай байдал. Зарим тохиолдолд тав тухтай амьдрах орчин байхгүйгээс болж иргэд эргээд Улаанбаатарыг зорих нь их. Тэгвэл Чойр хотод түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр хэрэгждэг байна.


Энэ тухай “Манайх хоёр өрөө байр 250 мянган төгрөгийн түрээсийн төлбөр төлдөг. Орон нутагт орон сууцны түрээсийн үнэ бага байдаг нь бас таатай санагддаг. Харин нэг хүндрэлтэй зүйл нь хүүхдүүд дасах гэж хугацаа ордог юм байна. Манайх гурван хүүхэдтэй. Хоёр нь дунд анги, нэг нь бага анги. Дунд ангийн хоёр маань ангийнхан болон орчиндоо дасах гэж багагүй хугацаа орсон” гэсэн юм.

 

Орон нутагт хүний нөөцийн дутагдал их байна


Орон нутагт хувиараа хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй зүйл нь хүний нөөц хангалттай байдаггүй байна. Н.Саранзаяа “Хайрын үр” гэр бүл хөгжлийн төвөө жилийн өмнө нээх төлөвлөгөөтэй байсан. Жилийн өмнө байрыг түрээслээд, тохижилтыг нь хийж, өнгөрсөн арванхоёрдугаар сард үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон. Гэтэл ажиллах хүн олдохгүй байсан. Нөхөр маань үндсэн ажилтай, би “Чойр тв”-ээ ажиллуулахаар заавал хүн ажилд авахаас өөр сонголтгүй байсан л даа. Энэ хугацаанд бид зээлээ төлсөөр л ирсэн. Ингээд өөрийн таньдаг хүнийг гуйж, ажилд авч албан ёсоор энэ сарын 9-нд үйл ажиллагаагаа эхлүүллээ” гэсэн юм.


Говьсүмбэр аймагт хэвлэл мэдээллийн байгууллагууд дутагдалтай байдаг аж. Тиймээс тэд аймгийнхаа үйл ажиллагааг өдөр бүр цахим сувгаараа дамжуулан мэдээлэл хүргэдэг байна. Цаашид говийн бүсийн хэмжээний сувагтай болох зорилготой гэдгээ хэлж байлаа.


Мөн орон нутагт амьдрахад амьдралын чанар маш их дээшилдэг гэдгийг онцолж байлаа. Энэ тухайгаа тэрээр “Түгжрэл, агаарын бохирдол байхгүй болохоор хүний амьдралын чанар маш их дээшилдэг юм байна. Хүүхдүүд өвөл ханиад томуу хүрэх нь бага. Мөн түгжрэлд их цаг зарцуулахгүй болохоор гэр бүлдээ цаг зарцуулах нь их байна. Хүмүүс орон нутагт боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар муу гэж ойлгоод байдаг. Би ч гэсэн Улаанбаатарт амьдардаг байхдаа тэгж боддог байсан. Гэтэл тийм биш юм байна шүү. Харин ч эсрэгээрээ дараалал багатай учир хүссэн үйлчилгээгээ цаг алдалгүй авч чаддаг. Хүүхдүүдэд зориулсан үнэгүй дугуйлан, секц их байдаг гээд давуу тал их шүү гэж хэлмээр байна” гэсэн юм.




Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин