sonin.mn

ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 26 /zyen.com/. АНУ-ын Нью-Йорк хот 2018 оны намраас хойш дэлхийн санхүүгийн төв болсон хотуудыг эрэмбэлдэг "Global Financial Centres Index"-т тэргүүлэх байр сууриа хадгалсан хэвээр байна гэж санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Z/Yen группийн судлаачдын хамгийн сүүлд гаргасан тайланд дурджээ. 


Сүүлийн хагас жилийн хугацаанд Нью-Йорк 3 оноо алдаж, нийт 766 оноо авсан байна. Харин хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Лондон хот оноогоо 3-аар ахиулснаар жагсаалтыг тэргүүлэгчээс ердөө 1 оноогоор (765 оноо) хоцорчээ. Лондоны араас Хонконг 764 оноогоор гуравдугаарт бичигдсэн байна. 


Гуравдугаар сард нийтлэгдсэн дэлхийн шилдэг 10 санхүүгийн төвүүдийн өмнөх жагсаалттай харьцуулахад ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна. Жагсаалтын эхний тавд Сингапур, Сан-Франциско багтсан бол тус хотуудын дараа Чикаго, Лос-Анжелес, Шанхай, Шэньжэн, Сөүл оржээ. 


Дубай хот 11 дүгээр байр руу дээшилж, Франкфуртын өмнө бичигджээ Түүнчлэн Токио хот 7 байраар ахиж, 15 дугаарт, Цюрих 5 байраар урагшилж 16 дугаарт, Абу-Даби 10 байраар ахиж 28 дугаарт тус тус орсон байна. Харин Дублин 6 байраар ухарч 20 дугаарт, Амстердам 8 байраар ухарч 26 дугаарт эрэмбэлэгдсэн байна. 


Истанбул (19 байр) , Тайбэй (15 байр) хотууд жагсаалтад хамгийн олон байраар ахисан бол Мюнхен (21 байр) , Вена (17 байр) хотууд хамгийн олон байраар ухарчээ. 


Зүүн Европ ба Төв Азийн санхүүгийн төвүүд дундаас Астана тэргүүлж, 68 дугаар байрт жагссан байна.


Дэлхийн санхүүгийн төвүүдийн индексийг анх 2007 онд нийтэлсэн бөгөөд хагас жил тутамд шинэчилдэг. Энэ удаагийн индекс нь 38 дахь удаагийнх бөгөөд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг 5000 орчим мэргэжилтний дунд явуулсан судалгаанд үндэслэн гаргажээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг