sonin.mn

Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Хүн амын хэт төвлөрөл, төлөвлөлтгүй суурьшил болон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан нийслэлд ус үерийн хохирол өргөн хүрээг хамарч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, хотын дэд бүтцэд ноцтой нөлөөлөх эрсдэлтэй тул үерийн хамгаалалт, хөрсний усны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болсон.


Иймд “Улаанбаатар хотын үерийн эрсдлийг бууруулах” төслийг хэрэгжүүлэх хүрээнд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж болон борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийхээр төлөвлөсөн.


Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 9 байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэхээр болж, техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний баримт бичиг боловсруулах ажлын даалгаварыг батлаад буй. Энэхүү төслийг хоёр багц болгон хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


Тухайлбал, Багц -1 ажлын хүрээнд үерийн хамгаалалтын далан, сувгийг шинэчлэх бол Багц-2 ажлын хүрээнд бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх юм.


Төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах гүйцэтгэгчээр Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ шалгарч, Дэлхийн банктай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Одоогоор эхлэлийн тайланг засварлаж дуусган, Захиалагч болон Дэлхийн банкинд хүргүүлж, санал зөвлөмж авсан байна. Ирсэн саналуудыг тусган эхлэлийн болон дундын тайланг Захиалагчид хүргүүлэхээр ажиллаж байгаа аж.

Төслийн хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламж болон борооны ус зайлуулах төв магистраль шугам баригдана.