
ЙЕРУСАЛИМ, 2025 оны аравдугаар сарын 2 /AP/. Газын зурвас руу ойртон ирж байхад нь Израилын тэнгисийн цэргийн хүчин усан онгоцнуудынх нь гурвыг саатуулсан гэж тус зурвасыг чиглэн явж буй усан онгоцнууд дээр байгаа идэвхтнүүд лхагва гаргийн орой мэдэгджээ. Харин Израилын эрх баригчид мэдэгдэхдээ, Грета Тунберг зэрэг идэвхтнүүд аюулгүй байгаа бөгөөд тэднийг Израил руу шилжүүлэн авчирч байна гэв.
Нийт 50 орчим усан онгоц, 500 гаруй идэвхтнээс бүрдсэн “Global Sumud” флот нь Газын зурваст бэлгэдлийн чанартай хүмүүнлэгийн тусламж хүргэхийг зорьж байгаа юм. “Сириус”, “Алма”, “Адара” усан онгоцыг Газын эргээс 120 гаруй км-ийн зайд саатуулсан гэж зохион байгуулагчид нь мэдэгджээ.
Нельсон Манделагийн ач хүү Мандла Мандела, Барселон хотын дарга асан Ада Колау болон Европын хэд хэдэн хууль тогтоогч зэргээс бүрдсэн идэвхтнүүдийн бүлэг Израилын бүслэлтийг нэвтэрч, палестинчуудад тусламж хүргэх зорилгоосоо буцахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Флотын усан онгоцнуудын нэг болох “Охвайла”-д сууж яваа Америкийн ахмад дайчин Грег Стокерын хэлснээр, дохио дамжуулагч төхөөрөмжөө унтраасан тэнгисийн цэргийн арав орчим хөлөг онгоц ойртож ирээд байгаа ажээ. “Тэд яг одоо манай усан онгоцнуудыг дуудаж, хөдөлгүүрээ унтрааж, цаашдын зааварчилгааг хүлээх эс бөгөөс усан онгоцнуудыг маань саатуулж, дараагийн арга хэмжээг авна гэж анхааруулж байна” гэж тэрбээр “Instagram” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгтээ хэлжээ. Израилын эрх баригчид зарим усан онгоцны эсрэг ус шүршигч ашигласан гэж Г.Стокер болон бусад идэвхтэн нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээлжээ.
Г.Тунбергт цэвэр ус, борооны цув өгөн хөлөг онгоцны тавцан дээр суулгаж буй дүрс бичлэгийг Израилын Гадаад хэргийн яам X хуудсандаа нийтлээд, Грета болон түүний найзууд аюулгүй, эрүүл саруул байна хэмээн мэдэгдсэн байна.
Израилын ажиллагаа 2-3 цаг үргэлжлэх төлөвтэй байна гэж Италийн Гадаад хэргийн сайд Антонио Тажани хэлжээ. Тэрбээр Rai телевизэд мэдээлэхдээ, усан онгоцнуудыг Израилын Ашдод боомт руу авчирч, идэвхтнүүдийг ойрын өдрүүдэд албадан гаргах төлөвтэй байна гэлээ. Тэрбээр мөн Израилын хүчнийхэнд “хүч хэрэглэж болохгүй” гэдгийг сануулсан гэдгийг дурдсан байна. Израилын тал усан онгоцнуудыг саатуулж байгааг Туркийн Гадаад хэргийн яам зэмлэн буруушааж, уг явдлыг “террорист шинжтэй”, олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн шүүмжилжээ. Израилын цэргүүдэд баривчлагдсан Туркийн иргэд болон бусад зорчигчийг нэн даруй суллуулах тал дээр санаачилга гарган ажиллаж байгаагаа тус яам мэдэгдсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Геноцид алан хядагч Израйль улс сөнөж, еврейчүүд дараагийн 2000 жилийн гуйланчилал тэнүүчлэлдээ орох болно!