sonin.mn

СБД-ийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд 9 дүгээр сарын 19, 20, 21-нд "Номын баяр" арга хэмжээ болсон. Уг арга хэмжээнд оролцсон "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан байгууламжаа хураахгүй 10 гаруй хоноод байсан юм. Тус байгууллагын уг үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ заалтыг зөрчиж байгаа юм. Тиймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төв талбайд барьсан байгууламжаа энэ сарын 2-ны дотор буулгах мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар 10 дугаар сарын 3-ны өдрийн 05:00 цагаас эхлэн албадан буулгаж байна. Буулгалтын зардлыг тус НҮТББ-аас гаргуулах аж. 


Буулгах явцад тус байгууллага нь төв талбайд барьсан байгууламждаа 380B тог татуулсан, байгууламжийн хана, тааз нь дулаалгатай байжээ. Өөрөөр хэлбэл, номын баярт зориулж 3 өдөр ашиглахаар бариагүй, төв талбайд урт хугацаанд байгууламжаа байрлуулах зорилготой байсан аж. 


Мөн "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын захирал А.Дэлгэржаргал нь уг байгууламжийг буулгахгүй хэмээн НЗД-ын орлогч А.Амартүвшин рүү дарамталсан, сүрдүүлсэн, шаардсан агуулгатай зурвас бичих, утсаар залгаж доромжлох үйлдлүүдийг удаа дараа хийсэн гэнэ. 


Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин "Динза Цондоолойгийн анд найзууд НҮТББ”-ын захирал эмэгтэй удаа дараа дарамталж сүрдүүлсэн, шаардсан агуулгатай зурвас бичсэн. Түүний энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардах, заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн зэрэг үйлдэл болж буй тул хуулийн байгууллагад хандах болно" гэлээ.