sonin.mn

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хийсэн шууд дамжуулалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр МАН-ын дотоод дахь эрх мэдлийн тэмцэл, төрийн өмчит компаниудтай холбоотой хөрөнгө мөнгөний асуудал болон улс төрийн хүрээнд өрнөж буй харилцан буруутгалын талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн юм.


Ө.Шижир “Х.Нямбаатар УИХ-д гурван удаа сонгогдож, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн. Түүнд холбогдох мэдээлэл бүгд байгаа байх. Хаа холоос янз бүрийн зүйл ярьж суухын оронд өөрөө ирээд хуулийн байгууллагад шалгуулах хэрэгтэй. Хэрэв хууль зүйн салбарын үйл ажиллагаа доголдож, болохгүй бүтэхгүй зүйл газар авсан бол үүнд өөрийнх нь оролцоо ч бий гэсэн үг” хэмээн мэдэгдэв.


Тэрбээр МАН-ын дотоод зөрчил, эрх мэдлийн төлөөх тэмцэл нь зөвхөн намын хүрээний асуудал байхаа больж, төрийн үйл ажиллагаа, улс орны эрх ашигт сөргөөр нөлөөлж байгааг онцоллоо.

Энэ талаар “МАН-ын төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл Монгол Улсыг хөлдөө чирж байна. Тэд төрийн өмчит компаниудын асар их хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байснаа өөрсдөө илчилж байна. Арваад жилийн өмнө МАН-ын 60 тэрбумын схемийн тухай яригдахад нийгэм даяараа гайхаж байсан. Харин өнөөдөр хэдэн их наяд төгрөгийн асуудал яригддаг болчихоод гайхахаа ч больжээ” гэв.


Мөн төрийн өндөр албан тушаалтнууд нэгнээ харилцан буруутгаж, ноцтой мэдээлэл дэлгэж байгаа атлаа хуулийн байгууллагад хандаж, асуудлыг эцэслэн шалгуулахгүй байгааг шүүмжилсэн юм.


Ө.Шижир “Эдгээр асуудалд нэр холбогдож байгаа бүх хүн албан тушаалаасаа чөлөөлөгдөж, хуулийн байгууллагад шалгуулах ёстой. Нэгнээсээ өшөө авах, эсвэл нэгнийгээ улс төрөөс шахахын тулд ээлж дараалан мэдээлэл дэлгэж байгаа нь хамгийн муугаар хэлэхэд гэмт хэргийг нуун дарагдуулсан хэрэг гэж үзэхээр байна.


Үнэхээр гэрч байгаа бол түүнээс мэдүүлэг авах ёстой. Хоёр талд гарчихаад дундаа хуулийн байгууллага руу чулуу шидэлцээд байж болохгүй. Хэргийн талаар мэдээлэлтэй бол түүнийгээ ил тод гаргаж тавих хэрэгтэй. Нэгнээ сүрдүүлж, айлгаж байгаа юм уу, эсвэл шантаажилж байгаа юм уу, ийм байж болохгүй. Ер нь сүүлийн хоёр жил МАН улс төрийг утгагүй болгож дууслаа” хэмээн байр сууриа илэрхийллээ.


Түүнчлэн “Бодь” компанитай холбоотой асуудлыг парламентын түвшинд шалгах шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдэв.


Тэрбээр мөн “Манай намын бүлгээс ‘Бодь’-ийн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргана. УИХ-ын гишүүн Б.Түвшин албан бичгийн хэвлэмэл хуудсан дээрээ гишүүдийн гарын үсгийг цуглуулна” гэж мэдээллээ.


С.Сарнай