sonin.mn

Францын AFP агентлаг дипломат эх сурвалжуудыг иш татан мэдээлснээр, Палестиныг дэмжигч "Global Sumud Flotilla" хөдөлгөөний 70 гаруй оролцогч, түүний дотор Шведийн идэвхтэн Грета Тунберг нарыг Даваа гарагт Израилаас албадан гаргахаар болжээ.


Тэдний дунд 9 швед, 28 франц, 27 грек, 15 итали иргэн байгаа бөгөөд ихэнх саатуулагдагсдыг Грек рүү нисэх онгоцоор илгээх төлөвтэй байна.


“Global Sumud Flotilla” (арабаар “тэсвэр тэвчээр”, “эсэргүүцэл” гэсэн утгатай) нь 40-өөс дээш хөлөг онгоцноос бүрдэж, энэ оны есдүгээр сарын дунд үеэр Тунисаас хөдөлж Газагийн бүс рүү чиглэн гарсан юм. Энэхүү ажиллагааны зорилго нь Газын зурвасын хоригийг эвдэж, оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэхэд оршиж байв.


Израилийн эрх баригчид удаа дараа мэдэгдэл хийхдээ идэвхтнүүдийн үйлдлийг сорилт, өдөөн хатгалга гэж үзэж байгаа бөгөөд хөлөг онгоцуудыг Газын эрэгт хүргэхийг зөвшөөрөхгүй гэдгээ онцолж байжээ.


Үүний улмаас Израилийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд флотиллыг саатуулж, бүх 400 идэвхтнийг баривчилж Израилийн эрэг рүү авчирсан байна. Аравдугаар сарын 3-наас эхлэн Израилийн эрх баригчид идэвхтнүүдийг албадан гаргаж эхэлсэн бөгөөд гурван өдрийн дотор нийт 170 оролцогчийг улс орноосоо гаргажээ.




Н.Отгончимэг

Эх сурвалж: tass.com