
Сэлбэ, Дамбадаржаа дэд төвийг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна. Тус 63 МВт дулааны станц нь ачааллынхаа 29 МВт-ыг Дамбадаржаа руу хангах бөгөөд үлдсэн 34 МВт-аар Сэлбэ хотын хойд хэсгийн орон сууцыг хангахаар төлөвлөсөн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр барилга угсралтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, конвейерийн барилга, захиргаа аж ахуйн барилга, хими ус бэлтгэлийн барилга, механик цехийн барилга зэрэг 10 гаруй үндсэн болон туслах барилгын газар шороо, төмөрбетон суурийн ажлыг гүйцэтгэсэн. Мөн 86 метрийн өндөр цутгамал төмөрбетон утааны яндангийн цутгалт болон өндөр температурт тэсвэртэй дотор өрлөгийн ажил дуусаад байна.
Түүнчлэн дулааны станцын барилга угсралтад ашиглах гол тоног төхөөрөмжүүдийн гадаад захиалга хийгдэж, үндсэн зуухны тоноглолын 30 гаруй хувийг талбайд нийлүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар зуухны рамын угсралт болон бусад барилга байгууламжийн +0.00 түвшнээс дээших металл бүтээцийн угсралтын ажил хийгдэж байгаа юм. Дамбадаржаа дулааны станцын төслийг хэрэгжүүлэгчээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”, барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын хоёрдугаар металлурги групп корпорац” ажиллаж буй. Гүйцэтгэгч байгууллага 2025–2026 оны өвөл металл хийцийг угсарч, барилгуудыг бүрэн битүүлэх ажлыг хийнэ. Төслийн барилга угсралтын ажлыг ирэх оны наймдугаар сард дуусган, есдүгээр сараас туршилт тохируулгын ажлыг эхлүүлэх юм.
Дамбадаржаа дулааны станц нь:
- Эргэлтэт буцламтгай үе давхаргат (CFBC) технологи бүхий 3х21 МВт хүчин чадалтай зуухтай.
- Зуухны ашигт үйлийн коэффициент 86 хувьтай.
- Хорт бодис, нарийн үнс, тоос зэргийг уутат шүүлтүүр болон шохойн чулуу ашиглан 95–98 хувь хүртэл бууруулах технологитой.
- Байгаль орчинд ээлтэй шийдэлтэй.
Сэтгэгдэл0