
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг арваннэгдүгээр сарын 1-нээс зохион байгуулна. Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх бүсийг НИТХ-аар тогтооно гэж заасан. Үүний дагуу НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг тогтоосон.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэг, Багахангай, Багануур, Налайх дүүргийн суурьшлын бүсээр хориглосон бүсүүдийг тогтоож, журамласан.
Мөн дүүргийн Засаг дарга нар хориглосон бүсэд нэвтэрсэн малыг тус бүсээс гаргах, стандарт зохих шаардлага хангасан хашаанд байршуулах, байршуулсан зардал болох мал эмнэлгийн үйлчилгээ, тэжээл, тээвэрлэлтийн зардал зэргийг малын эзнээс гаргуулах хууль эрх зүйн зохицуулалт үйлчилдэг байна. Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалангаас тодруулахад “Нийслэлийн Засаг даргаас холбогдох байгууллага, дүүргүүдэд дээрх хууль журмыг хэрэгжүүлэх үүргийг өгсөн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал бэлчээсэн тохиолдолд иргэнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ААН, хуулийн этгээдийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг.
Нэг нэгж 1000 төгрөгөөр тооцогддог учраас мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсэд малаа нэвтрүүлсэн иргэн нэг сая төгрөг, хуулийн этгээд 10 сая төгрөгийн торгуультай. Хуулийг иргэд, төрийн захиргааны байгууллага аль аль талаасаа хэрэгжүүлэх үүрэгтэй.
Хотын төвийн зургаан дүүрэг, ялангуяа Богдхан уул, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мал нэвтэрсэн зөрчлүүд гараад байгаа. Хуулиар хүлээсэн үүргээ дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн харьяа газар, агентлагууд хэрэгжүүлэх нь зүйтэй байна” гэв.
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа нэвтрүүлж байгаа нь хотын эко систем, ногоон байгууламжийг сүйтгээд зогсохгүй мал амьтны гоц халдварт өвчин үүсгэх, олон нийтийг хамарсан өвчлөл тараах эрсдэл ихтэй. Жишээлбэл, өнгөрсөн долоодугаар сард Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны Шар хоолойн ам Дунд төгөл гэх газарт шүлхий өвчин гарч, долоодугаар сарын 10-наас наймдугаар сарын 8-ныг хүртэл нэг сарын хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоосон. Гоц халдварт өвчин гарсан тухайн хэсэг нь мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс байсан. Гэтэл хуулийн хэрэгжилт сул, хууль журмыг мөрдөөгүйн улмаас өвчлөл гарч, хязгаарлалт тогтоож, тухайн бүсэд оршин сууж байгаа 500 гаруй иргэний эрх ашиг зөрчигдсөн. Эдийн засгийн хувьд ч хохиролтой. Тухайлбал, Шар хоолойн аманд шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосноор Баянзүрх дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 165,057,190.0 төгрөгийн хөрөнгө гарган хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллажээ.
Сэтгэгдэл1
Хориглосон бүсэд нохой оруулсан бол хэдээр торгох вэ? Хориглосон бүсэд хаус барьж байгаа баячууд хэдээр торгуулах вэ?