
Диваажингийн орон гэж Сугавадын орон, Авид бурханы орныг хэлээд байгаа юм. Хүмүүн бид ямар боломжтой вэ, хүний эцсийн зөв зорилго юу вэ гэдгийг сайн мэддэггүй. Хүмүүн бид ямар боломж, юуны төлөө хөөцөлддөг вэ гэвэл ямар нэгэн сайн сургууль төгсөж, өндөр цалинтай ажилд ороод баян хүн болно, дарга хүн болно хэмээн боддог. Зарим хүмүүс Америк, европын диваажингийн оронд ажиллаж амьдарч мөнгөтэй болох юм сан хэмээн мөрөөддөг.
Хүн гэдэг амьтан нийгмийн амьтан учраас сургуульд сурч мэргэжил эзэмшиж ажил хийж эд хөрөнгөтэй баян хүн болж болно, эрх мэдэлтэй дарга хүн болж болно, харин энэ бүгдийг эцсийн зорилго хэмээн бүү бод гээд байгаа юм. Ажил, мэргэжил бол амь зуух хэрэгсэл болохоос бус, эцсийн зорилго биш юм.
Монголчууд бидний өвөг дээдэс ихэнхи нь дөрвөн зууны туршид Бурханы шашинтан байсан бөгөөд ихэс дээдэс минь арван хар нүглийг цээрлэж, маань, мэгзэм уншиж, Бурханы оронд төрөхийн ерөөл тавьдаг байсан даа. Гэвч Монголд цөвүүн цаг ирж монголчууд сүүлийн зуун жилд Марксын “Амьдрал бол тэмцэл”, “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэсэн буруу сургаалийг хий хоосон цээжилж, албан тушаал, ашиг хонжооны төлөө мөн ч их тэмцэлдлээ. Эцэстээ энэ буруу сургаалийн хор уршгаар улс орон хөгжсөн ч юм алга, ард иргэд гэгээрсэн ч юм алга. Хүмүүст аврагдах боломж байдаг юм. Юунаас аврагдах юм бэ? гэвэл охорхон настай хүний төрлөөс хязгааргүй настай диваажинд төрөх боломж юм. Энэ зорилгыг яаж хэрэгжүүлэх вэ гэвэл Бурхан багшийн сургаалийг төгс эзэмшиж, буян ном үйлдэж, гэгээрлийн хутгийг олох юм.
Хүний төрөл бол билиг ухаантай гэдгээрээ сайн төрөл мөн. Гэхдээ хүн хичнээн олон дахин эхийн хэвлийд хүний төрөл авч төрсөн ч гэсэн эцэстээ олон дахин үхэх болдог. Сансарт төрнө гэдэг үхнэ гэсэн үг.
Буддын сударт “Хорвоод хүн төрсөн л бол ханахгүйн гэм, биеийг ахин дахин орхихын гэм, ахин дахин төрөл залгахын гэм, нөхөр үгүйн гэмтэй, мөн төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн зовлонтой” хэмээн бичсэн байдаг. Хичнээн баян хүн, хичнээн алдартай хүн байлаа гэхэд ихэнхи нь ердөө жар, далхан наслаад мөнх бусыг үзүүлдэг. Одоо дэлхий дээр 8.2 тэрбум хүн амьдардаг бөгөөд тэдгээр хүмүүсийн дөнгөж 8.0 хувь нь 65 насалдаг, бусад нь энэ насанд хүрэхгүй өнгөрдөг ажээ. Тэхлээр хүн энэ яваа насандаа гэгээрлийн замд орж дараа төрөлдөө диваажинд мэндлэх нь хамгийн зөв зам болж байгаа юм. Орчин үеийн хүмүүс өөрийн хэрэгцээгээ хангах гээд юун гэгээрэх манатай, мөнгө, зугаа цэнгэл, хэрэгцээний хойноос өдөр шөнөгүй зүтгэсээр хамаг боломжтой гэгээрэх цагаа хоосон өнгөрөөж үхэх цаг нь тулдаг. Далай лам багшийн айлдсан “Хүмүүс үхэхгүй юм шиг амьдрах юм, амьдраагүй юм шиг үхэх юм” гэдэг л болдог. Тэгвэл 2500 жилийн өмнө Будда сүсэгтэн хүн үхсэний дараа мэндэлж болдог тэрхүү диваажингийн орон буюу Сугавадийн орны тухай шавь нартаа айлдсан байдаг. Авралт Буддагийн сургаал болох Ганжуур судрын дотор “Хутагт жаргалант орны зохиол нэрт их хөлгөн сударт, монгол Ганжуурын ботид болон “Сайн явдлын ерөөлийн хаан” сударт Сугавадын орны тухай өгүүлсэн байдаг.
Эдгээр судруудад Сүсэгтэн хүн Сугавадийн оронд төрөх шалтгааныг дор дурдсан 4 зүйлээр бүрдүүлнэ хэмээжээ.
- Авид бурханы нэрийг өгүүлж залбирах
- Сугавадийн орны эрдмийг санаж тэнд төрөхийн дуршлыг хүчтэй төрүүлэх
- Сугавадын оронд төрөх ерөөлийг хүчтэй тавих
- Буян, ном үйлдэх
Сугавадын орны эрдмийг Бурхан багш “Эрдэнэ давхарлиг” сударт, Богд Зонхаба “Дээд орны хаалгыг нээгч“ сударт өгүүлсэн байдаг. Мөн Сугавадийн орны тухай монголын эрдэмтэй гэвш лам Лувсанчүлтэм, хувилгаан Данзан лам, Халхын Зая бандид Лувсанпэрэнлэйн судар номуудад бичсэн байдаг.
Сугавадийн оронд төрөхийн шалтгааныг бүрдүүлэхийн тулд саад болдог дараах явдлаас цээрлэх хэрэгтэй.
1.Сэжгийг тэвчих хэрэгтэй. Энэ нь Сугавадын орон гэж байдаггүй, хойд нас гэж байдаггүй, гэх мэтийн буруу үзлийг хэлж байгаа юм.
2.Сүжиг үгүй бол юу ч нэмэргүй. Бурханы номонд “Сүжиггүй хүн бол шатсан үртэй адил. Шатсан үрийг газрын хөрсөнд булж усалсан ч ургадаггүй” хэмээснийг санах хэрэгтэй. Сугавадын орныг магтан өргөмжилсөн ч гэсэн тийм орон үнэн хэрэгтээ байхгүй биз гэсэн өчүүхэн төдий сэжиг эргэлзээ төрүүлвэл хичнээн ч удаа буян үйлдэж тэнд төрсөн ч гэсэн Сугаавадыг орны лянхуа цэцгийн ам нээгдэлгүй 500 жил болдог хэмээн сударт өгүүлжээ.
3.Үнэрхэж омгорхохыг орхих хэрэгтэй. Би эрдэмтэй лам хүн байтал тэр хүн намайг тоосонгүй, намайг хүндэлсэнгүй, надад мөргөсөнгүй, надад өргөл өгөхгүй бол би ном айлдахгүй гэх мэтийн бусдад үнэрхэх бодолтой байж болохгүй. “Омгийн гүдгэр шилэнд эрдмийн ус үл тогтоно” хэмээдэг. Хаврын цагт өндөр уулын оройд ногоо ургадаггүй, харин уулын бэл хормойд ногоо ургадаг. Омоггүй байх нь дор газар ногоо ургахтай адил. Омоггүй хүний сэтгэлд сүжгийн нар тусаад буяны ногоо ургадаг.
Сугавадын орон гэж ямар орныг хэлээд байгаа юм бэ? Сугавадын оронд Авид бурханы хүч болон өөрийн буяны хүчээр төрөх цагт тэнд нэгэн бадамлянхуа цэцэг ургаад тэрхүү цэцгийн навч хумисны хүйсэнд үлэмж гоо үзэсгэлэнт бөгөөд эрхтэн хотол төгссөн, хувцас чимэг нүгүүдээр чимэглэгдсэн 17 настны дүрээр төрдөг болохоос бус эхийн умайгаас үл төрмүй.
Тэнд муухай зүст, муухай аашт, хорон санаат хүн төрдөггүй. Бүгд тэгш сэтгэлтэй, ухаан хурц, зөөлөн аашт, сүсэг хичээнгүй эрдэмт хүн тэнд төрмүй. Сугавадын оронд төрсөн бол маханбодийг олж төрөх бус, гэрлэн биеийг олж төрдөг. Гэрлэн биед өтлөх, өвдөх, үхэх гэж байдаггүй. Сугавадын оронд Авид бурхан ном айлдаж тоо томшгүй олон бодисадва нар ном сонсож тэнд өвчин зовлон, үхэл хагацал гэж байдаггүй, тэнд шунал, хүсэл, уур хорсол, дайн тэмцэл гэж байдаггүй, тэнд халуун, хүйтний зовлон байхгүй, там бирдийн оронд төрөх зовлон байхгүй, өлсөж умдаасахын зовлон байхгүй, ажил хийж хөлс дуслуулах зовлон байхгүй, орон байр сэтгэхийн төдийд буй болдог тул орон сууц барих зовлон байхгүй, өтлөхийн зовлон байхгүй, амь тасрахын зовлон байхгүй, үхээд хүүрээ үлдээдэг зовлон байхгүй. Тэнд ажил хийх, арилжаа наймаа хийх, ашиг хонжоо эрэх зүйл байхгүй.Тэнд өөрийн янаг амраг, эхнэр хүүхэд хэмээн ойр болгон санах, өшөөт дайсан хэмээх хол болгон санах зүйл байхгүй, бүгд тэгш эрхтэй, энэрэнгүй сэтгэлтэй төрдөг.
Тэнд гэр байшин өөрийн сэтгэснээр олдож, тэндээ долоон мянган тэнгэрийн охидоор хүрээлүүлж, тэнгэрийн хуур хөгжмөөр цэнгэн наадаж баясан жаргадаг боловч тэдгээр жаргалд бүрэн эзлэгдэж тачаангуй сэтгэлийн шунал төрөх ба номоос алгасрах сэтгэл ер үгүй.
Тэнд эрдэм төгөлдөр тоо томшгүй олон бодисун нар залардаг. Тэд эрдэнийн титэм ба элдэв торгон шантав тэргүүтэн тэнгэрсийн чимгүүдээр чимсэн, биеэс нь зуун мянган голти тоотон бээрийн чинээ гэрэл цацарч байх бөгөөд зарим нь гэр балгадын дотор тэгш агуулан оршдог, зарим нь огторгуйд нисэж огторгуйд завилах, зогсох, биеэсээ хур оруулах, биеэ олон болгон хувилах, амьтныг номын зүгт сүсэглүүлэх, зарим цагт ертөнц дэх бурхадын дэргэд очиж ном сонсох, зарим цагт Авид бурханаас ном сонсох тэргүүтэн цаглашгүй дээд зохиолоор орших бөлгөө. Тэнд бүх зүйл сэтгэлд таатай, мөнх оршдог. Тэхлээр сүсэгтэн хүн Бурханы оронд төрөх ерөөлийг хүчтэй тавих хэрэгтэй.
ЕРӨӨЛ
(Насан хутгийг хайрлагч Аюуш бурханы орон)
Гайхамшигт үйлсээр бүгдэд
Үлэмжийн цогийг соёрхогч
Ганцхан дурдсан төдийд ч
Үхлийн эзнийг үргээгч
Тэгш нигүүлслээр амьтдыг
Үр мэт энхрийлэгч
Тэнгэр хүмүүний багш
Цаглашгүй настад мөргөе.
Энэрэлт Бурхан багш
Олон зуун удаа
Эрхэмсэг дээд орны
Охь манлайд өргөмжилсөн
Энхжингийн оронд төрөхийн
Эл хэдэн ерөөлийг
Элбэрэл журмын сэтгэлээр
Эвлүүлж холбон өгүүлье.
Авах, гээхийн учгийг
Мунхгийн манангаар халхалсан,
Амар заяаны амийг
Хорслын мэсээр хөнөөсөн,
Аюулт орчлонгийн гянданд
Шуналын цалмаар хүлэгдсэн,
Ахуй сансрын далайд
Үйлийн усаар автсан,
Өтлөх, өвдөх зовлонгийн
Түмэн давалгаанд нэрвүүлж,
Өршөөлгүй үхлийн матарт
Ахин дахин залгиулсаар
Өөд харшгүй зовлонгийн
Гачлант үүрэгт дарагдсан
Өмгөөлөх эзэнгүй би
Гаслан цурхиран дуудъя.
Эгээрэл хүслийг минь бүтээх
Итгэл найдвараа болгож
Энэлсэн амьтдыг аврагч
Мөнхийн гэрэлт Аминдаваа
Эрх хүчин төгс
Үлэмжийн чанарт Арьяабал
Энэрэгч та бүхэндээ
Бишрэн залбирах аваас
Үй түмэн галавт
Хөөрхий биднийг тухайлж
Үлэмж хайраа ундраасан
Тангараг юугаа марталгүй
Жигүүртний хаан хангарьд
Тэнгэр огторгуйд дүүлэх шиг
Жигт хувилгаан хүчээр
Энд морилж хайрла.
Нас эцэслэх цаг минь тохиоход, өөрийн болоод бусдын өнгөрсөн, одоо, ирээдүйн сайн үйлс буян бүхний нэгдмэл хүчээр би ууган хоёр шавь тэргүүтэн ариун нөхдөөрөө хүрээлүүлсэн Аминдаваа бурханыг ил тод үзэх болтугай. Аяа, тэр цагт авралт тэднийг үзмэгц чин зүрхний сүсэг минь ундарснаар нажид зовлонг биеэр эдлэлгүй, ариун диваажинг сэтгэлдээ марталгүй амар тайван нөгчих болтугай.
Нас нөгчсөн даруйд найман их бодисадва хувилгаан шидээр залран ирж, Энхжингийн оронд хөтөч болон хүргэх болтугай.
Энх мэндийн тэр оронд эрдэнийн лянхуа цэцгээс их хөлгөнийг дээдлэгч оюун билигтэн болон мэндлэх болтугай.
Мэндэлсэн даруйдаа тарни бясалгал, энэрэл хайр, суу заль төгөлдөр эрдмийн яндашгүй баян санг эзэмшиж, агуу их Аминдаваа тэргүүтэн арван зүгийн гэгээн бурхад, бодисадва нарыг баясган, их хөлгөний сургааль бошгыг хүртэх болтугай.
Тэр бүх сургааль номын утгыг зүй ёсоор ухаарч, агшин зуурт тоо томшгүй ертөнцөд хувилгаан хүчээр зорчин, бодь сэтгэлтний гайхамшигт замналыг гүйцэтгэх болтугай. Ариун дагшин оронд мэндэлсэн ч тэсгэлгүй энэрэл нигүүлсэлдээ хөтлөгдөн, хувилгаан билгээр энэлгээт орнуудад очиж, амьтан бүхэнд тус тусын ойлгох хэлээр нь буян номыг сэнхрүүлж, Бурхан багшийн баясгалан болсон гэгээрлийн замд оруулах болтугай.
Тэр бүх ялгуун үйлсийг даруй биелүүлэх үүднээс хязгааргүй олон амьтны тусын тулд төгс гэгээрсэн бурханы хутгийг түргэн зуур олох болтугай.
Үхэх цаг минь нэгэнт болбол
Үлэмж нөхдөө дагуулсан Аминдаваа
Үзэх нүдийг минь гийгүүлэн тодорч,
Өршөөл сүсгээр сэтгэлийг минь бялхааг.
Илбэ зуурдын үзэгдэл ургахад
Итгэлт найман бодисатва газарчилснаар,
Энхжинд мэндлээд хувилгаан хүчээр
Энэлэнт ертөнцийн амьтдыг аваръя.
Төгс дээд гэгээрэлд хүрч амжаагүй төрөл тутамдаа ч ариун сургаал номыг судалж эзэмших чөлөө учрал бүрдсэн сайн төрлийг олох болтугай.
Тэр төрөл нь өндөр язгууртны долоон зүйл өлзий буян төгөлдөр болтугай.
Орчил тутамд урьд төрлөө учирлан санах насан хутгийн зөн билгийг олох болтугай. Төрөл бүртээ сансрын хүлээсний шимгүй хоосон чанарыг ухаарч, гэгээрлийн эрх чөлөө, баяр бахдалд сэтгэл булаагдан тэмүүлж, Бурхан багшийн замнал ёсоор эгэл амьдралаас татгалзан хувраг болох болтугай. Эрхэм номын амьдралд орсон үедээ сахил журмыг өчүүхэн ч хиртээлгүй, төгс төгөлдөр мөрдсөнөөр гэгээрэлд хүрсэн Минтүгба гэлэн мэт болтугай. Бас, төрөл тутамдаа төөрөгдөл, гэгээрлийн жам ёсыг угт нь тултал ухуулагч ном судрын үг, утга бүгдийг марталгүй тогтоох гайхамшигт ой билгийг олох болтугай.
Бас, төрөл тутамдаа баатарлаг тэргүүтэн бясалгалын эрдэм, бодит нүд тэргүүтэн үзэхүйн увидас, хувилгаан билиг тэргүүтэн зөн билгийн чадавхийг эзэмших болтугай.
Бас, төрөл тутамдаа зөв, бурууг өөрийн хүчээр ялгаж чадах үлэмжийн билгийг олох болтугай. Сансар, нирвааны маш нарийн хувь хэсгийг ч хольж хутгалгүй ялган таних тод билгийг олох болтугай. Онож мэдээгүй буюу, буруу мэдсэн, эргэлзэж тээнэгэлзсэн санаа төрсөн даруйд тэр бүхнийг няцааж чадах түргэн билгүүнийг олох болтугай. Бусдын үзэл бодлоор шалгуур хийлгүй Бурхан багшийн сургааль номын үг, утганд торолтгүй нэвтрэх гүн билгүүнийг олох болтугай. Товчдоо, буруу цалгар оюун санааны бохирдлоос ангид оюун билгээр ариун сургаалын үг, утгыг нээн мэдсэнээр уран аргат суу билгийн үүднээс бодь сэтгэлтний замнал бүхний туйлд хүрсэн Богд Манзушри мэт болтугай.
Тэр мэтчилэн үлэмж, тод, түргэн, гүн билгүүнийг төвөггүй олсноор хувьтныг дагуулж, хуурамч номлогчдыг няцаан, хурц мэргэдийг баясгахын үндэс, ариун сургаальд тулгуурласан номлогч, тэмцэгч, туурвигч цэц мэргэний туйлд хүрэх болтугай.
Бас, төрөл тутамдаа хувиа бодогч явцуу сэтгэлийг огоорч, бодь сэтгэлтний их үйлсээс хойргоших буюу шантрах санаа бүхнийг таягдан хаяж, бусдын төлөө чин зоригт, уран аргат энэрэл нигүүлслийн үүднээс бодь сэтгэлтний замнал бүхний туйлд хүрсэн богд Аръяабал мэт болтугай. Бас, төрөл тутамдаа өөрийн болоод бусдын сайн сайхныг бүтээхдээ шулмын хүчин, тэрс үзэлтэн бүгдийг няцааж, уран аргат чадлын үүднээс бодь сэтгэлтний замнал бүхний туйлд хүрсэн богд Очирваань мэт болтугай.
Төрөл тутамдаа залхуугүй хичээл зүтгэлээр гэгээрлийн замаар замнахдаа би анх бодь сэтгэл өвөрлөсөн цагаас агшин зуур ч зорилгоо умарталгүй, агуу их хичээнгүйн үүднээс төгс гэгээрэлд хүрсэн ханьцашгүй Шагжа омгийн хаан Шагжаан чадагч Бурхан багш мэт болтугай.
Төрөл тутамдаа бодь хутгийг бүтээхэд саад болох бие, сэтгэлийн өвчин энэлгээ бүхнийг дараад, алдрыг нь өгүүлсэн төдийд бие, хэл, сэтгэлийн зовиур бүхнийг анагааж чадах оточ Манал бурхан мэт болтугай.
Бас, төрөл тутамдаа аль хүссэн чинээгээр насалж, алдрыг нь дуудсан төдийд цаг бус үхлийн аюул бүгдийг даран чадах Цаглашгүй наст Аминдаваа бурхан мэт болтугай.
Насан хутагт минь элдэв зэтгэр тохиох цагт Цаглашгүй наст бурхан дөрвөн үйлсийн аль зохиох гэгээн дүрээ үзүүлэхүйеэ үзсэн даруйд амь насны тотгор амирлах болтугай.
Учир тохиолд нийцүүлж ямарваа дүр үзүүлэвч түүнийг Аминдаваа бурхан мөн гэдгийг танин, чин үнэнчээр сүсэглэсний буянаар төрөл тутамд Аминдаваа бурхан миний багш болон учрах болтугай.
Бас, төрөл тутамд минь амьдрал, гэгээрлийн сайн сайхны ундрага болсон их хөлгөний эрдэмт багш намайг таалал баяслаар удирдан залах болтугай.
Ивээлт багшийхаа залуур дор итгэл бишрэл урвалтгүй байж, үйл үйлдэл бүхнээрээ би баясгах болтугай.
Таалалд нь нийцэхгүй үйлийг агшин зуур ч бүү үйлдэг. Багш минь надад ариун номын охь шим бүхнийг дутаалгүй хайрлах болтугай.
Тэр бүгдийг утга чанарт нэвтэрч, оюун сэтгэлдээ хоногшуулснаар төгс төгөлдөр болтугай.
Буруу номлогч, уруу татагчдын ятгалга нөлөөнд агшин зуур ч бүү автаг. Төрөл тутамдаа үйлийн үрд итгэх итгэл, орчлонгийн хүлээснээс ангижрах эрмэлзэл, бодь сэтгэл, үнэн үзэл бүхнийг ой тойндоо шингээснээр шамдалгүй үргэлж санаж сэрэх болтугай.
Төрөл тутамд бие, хэл, сэтгэлээр үйлдсэн миний буян бүхэн бусдын тусыг цаглашгүй бүтээж, бурханлаг чанараа нээхийн үндэс болтугай.
Хэзээ гэгээрэх хүртлээ би
Гэгээн буянт төрлийг олоод,
Урьд насаа санан дурсч,
Номын амьдралаар амьдрах болтугай.
Тогтоол бясалгал, зөн билиг,
Ид шидийн эрдэм тоолшгүй,
Ухаан, хайр, чадал эгнэшгүй
Ариуслын туйлд хүрэх болтугай.
Цаг бусын үхэл ёрловол
Цаглашгүй наст бурханыг үзээд,
Үхэл эрлэгийн омгийг дарж,
Үхэлгүй хутгийг түргэн олог.
Итгэл Аминдаваа төрөл тутамд
Их хөлгөний багш минь болсноор
Бурханы заасан буянт замаас
Нэгэн агшин ч няцалгүй явтугай.
Буурай амьтдыг хөсөр орхисон
Аминч сэтгэлийг хэзээд цээрлэж,
Будилж төөрөлгүй уран аргаар
Бусдад туслахыг зорилго болгоё.
Аюулт бэрх үйлийн үртнүүд
Алдар нэрийг минь дурдсан төдийд
Амар жимэр золыг олж,
Ариуслын шатаар өгсөх болтугай.
Үлэмж сэтгэлтний үйлс замналаас
Үлгэр жишээлсэн энэ ерөөлөөр
Бурханы хүүгийн зам саадгүй,
Буян өлзий сэтгэлчлэн бүтэг.
Шагжаамүни, Аминдаваа, Майдар, Манзушри,
Очирваань, Арьяабал бурхад бодисатва нарын
Ивээл, барилдлага үнэний хүчээр
Эдгээр ерөөл түргэн биелэх болтугай.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл23
Дэмийрээд эхэллээ ! Шашин бол хар тамхи юм ! Христийн шашин бол марихуан ! Лалын шашин кокиан ! Буддын шашин бол гeрион юм ! Бусад шашин урсгалууд бол мөн янз бүрийн нэртэй мансууруулах бодиснууд юм ! Тэгээд мансуураад сууж байдаг юм ! ажил хийхгүй !
...бол Хар Тангудын Монголчуудыг мөхөөх бодлого. Төвөдүүд шарын шашнаар дамжуулан Монголчуудыг тэнэг сэтгэдэггүй сүсэгтэн болгож "монголчуудын Тархи Оюуныгыг" атгаж авсан юм. Бүх Монгочууд төвөд юм уу төвөд болсон шашны багштай М онгол сэтгэхээ больж тэмцэлгүйгээр МӨХЛӨӨ.
Сайхан нийтлэл байна
юун хятад хийц вэ. шууд пялдагтаад эхлэж. гэсэн харь гаригийн тавга, дакшин орон цемент юмуу. чулуу хад асга уул.
🥞🧇🍪🍔🫓🍕🥮🥧🧁🍩
Энд дурдсан тэр их буянт үйлсийг хэн бүхэн, хүний, манайгүй бодит бие бодис болон задарч, сэтгэж бодох, идэж уух, шунаж хүсэх зовлон үгүй болж, хоосон чанарын 'диваажин' - гэгчид очсон хойноо үйлдэнэ гэж 'хойш нь тавилгүй', эргэж олдохгүй энэ насандаа үйлдвэл л энэ дэлхий маань харин жинхэнэ диваажин болох билээ ...
мөнгөө зарцуулаад богдын өргөөг засаад бай бурхан гэж ярьсаар мөнгө угаасаар бай олон сансарын хөлгмйг явуулаад бурхныг хайгаад олдохгүй байна герман америк газрын гүн рүү өрөмдөөд доод ертөнцийг олсонгүй монголд хайгаад олсонгүй манжийн үеийн шар хар феодал капитадизмын үеийн олигарх капиталст помещик гэр бүл зальт хлхи лам нөрөөр дүүрчээ гулгачин монгол болгож социалист монголыг устгажээ
Бурхан шүтэж байгаа хүн 5 зарчим баримталж хатуу чанд мөрдөх ёстой. Гэтэл лам нар үүнийг ч өөрсдөө барьдаггүй байж бурханыг шүтэх нь өөрийгөө хуурсан хэрэг. 1-рт ямар ч амьтаны ам хөнөөхгүй. мөн хөнөөсөн ямар ч зүйлийг хэрэглэхгүй. гэтэл бид малыг хөнөөж малын мах иддэг. тиймээс манай ард түмэнд цагаан хоолтон Далай лам энэ талаар ингэж - Монголчууд тамд очиход ямар ч хүндрэлгүй буюу шууд явдаг гэж. хэлсэн байдаг. Чингис хааныг амьд байхад жанжинууд нь Их эзэн Хаан өөрөө цагаан хоолтон бас жанжинууд нь цагаан хоолтон /тэр үед ногоон хоолтон болох боломжгүй тул/ мацаг хоолтон буюу 3 хоногт л хоол иддэг байсан байна лээ.Харин ач нарынх нь үед ирсэн Марко Поло -н үед бол ердөө 3 хоногт 1 удаа буюу зөвхөн ноёд л махан хоол өвлийн цагаар иддэг байсан байна лэа. цагаан хоолтон байхгүй бол олон хоногоор морь унаж, маш их хүчтэй байж чадахгүй. Түүнээс бус амаараа мянга ерөөл хэллээ гээд диваажингийн оронд төрөхгүй. эхлээд Буддагийн хамгийн эхний сургааль болох мах бүү ид гэдгийг хэрэгжүүлэх ё
Бурханы хүү Есүс-н Ариун библь сударт ингэж бичүүлсэн. Амьтад, жигүүртэн, далайн амьтад бол хүний найз нөхөд юм. гэж эхний нүүрэнд бичигдсэн байгаа. Хэн найз, нөхдөө иддэг вэ гэж үү. хүн төрөлхтөн бурхадын сургасаныг таг мартаад амьтадын хүүр /үхсэн амьтаны махыг хүүр гэнэ/ идээд удаж байна даа. тиймээс ч ийм их өвчин, зовлон, бас дайнтай байхад гайхах зүйл байхгүй л байхдаа. мэдээж бурханы гэрэл биднийг төрөхөд байдаг ч бид махан хоол идээд холбогддог гэрлээ унтраадаг. ингээд төрлөх гэр болох Диваажингийн хайр болон Диваажингийн үзэсгэлэн гоог мартаад гаднаас хайр, үзэсгэлэн гоог амьдралын туршид хайж эцэст нь хөгширч гомдолтойгоор үхнэ гэж,,, уг нь бүгдээрээ ногоон хоолтон болвол нисэх чадвараа ил гаргаж ирэх ба хөгширөхөө огт болино. Энэ чадвар нь дэлхийн хүн амын олонхи нь буюу 51 ээс дээш хувьд ногоон хоолтон болсон хойно сэргэнэ. бас бидэнд утас огт хэрэггүй болно. хэн нэгэн бидний нэрийг хэлмэгц бид порталынхаа хаалгыг дор нь нээж шууд очино. бас хэн ч худлаа ярьж чадахгүй болн
данзанжамц лам нэг монгол ламыг би тамд үргэлжид төрөх болтугай ч гэсэн үү нэг тийм зүйл хэлсэн гээд гайхаад байдгийм. тама - буюу ихээр төрүүлэх гэсэн үг л дээ. ойлгохгүй болохоороо айгаад сэжиглээд жийрхээд. хүрд эргүүлнэ гэдэг чинь л 6 зүйл ‘амьтан төрүүлнэ’ гэсэн үг шд.
тэгэхээр хүрд эргүүлээгүй гэсэн үг үү эсвэл 6 зүйл ‘амьтан’ төрүүлснээ мэдэхгүй байгаа юу.
лам нар мам нар
4 зүйл бүрдүүлнэ. дөрөв гэнгүүт ази даяараа шууд ойлгоно. дөрвөн гэлэн. дөрвөн ламын сүм.
баруун хулмас зүүн хүнкаар 💪🏼🦾. саяхны нийтлэлд аршин сажень гэж үгс гарсан. баруунаа өргөхөд зүүн хөлд, зүүнээ өргөхөд баруун хөлд гм-р үргэлжлэх... ташуу сажень = гурван аршин 💪🏼.
Мэдрэл хүүр вэ!
Энэ нь 3000 гаруй жилийн өмнө бичсэн 108 боть Гаанжуур номын үндсэн зорилго байлтай, энэ явах замыг туулсан бодь садва бидэнд үлдээж өгсөн өвдөө /3 улсад л бүрнээр байгаа гэдэг/, энэ номыг барахмаа хэлээр манай улсаас авсан энэтхэгчүүд номын цэнгэл, баяр болж байсан бус уу. Сайн бүхэн дэлгэрэх болтухай.
Та өмнө нь 20н зуун, түүнээс ч урт хугацаанд Тэнгэр шүтлэгтэн байсныг албаар мартаа юу? Одоо цагт ч гэсэн олон хүн Мөнх Хөх тэнгэр шүтдэг байгаа шүү.
Мөнх хөх тэнгэр гэдэг бол Бурханыг хэлж буй.
3
Тиймээ, хүний зорилго бол гэгээрэл болой, Мөнх тэнгэр буюу Бурханыг зоримой.
Шашин хэрэггүй
Цаг үетэйгээ хөл нийлүүлж жаргах цагт жаргаж зовох цагт зовж. Зовох цагт нөхрийн чанар танигддаг
Загасан ойтой монголчууд хэнд ашигтай