sonin.mn

СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 10 /BBC/. Венесуэлийн улстөрч, сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадог энэ оны Нобелийн Энх тайвны шагналын эзнээр тодрууллаа.


Мариа Корина Мачадод “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг хамгаалахын төлөөх эцэлт цуцалтгүй зүтгэлийнх нь төлөө, мөн дарангуйлагч дэглэмээс ардчилал руу шударга, тайван замаар шилжихийн төлөөх тэмцлийг үнэлэн” Нобелийн Энх тайвны шагналыг олгохоор шийдвэрлэлээ гэж Нобелийн хорооноос мэдэгджээ.


2025 оны Нобелийн Энх тайвны шагналыг “улам тэлж буй харанхуйн дунд ардчиллын дөлийг бадрааж буй эмэгтэйд” олгож байна гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Мариа Корина Мачадо орчин цагийн Латин Америк дахь эр зоригийн хамгийн “ер бусын жишээ”-нүүдийн нэг гэдгээрээ Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байгаа ажээ.


М.Мачадо энх тайвны шагналын “бүх шалгуурыг” хангасан гэж Нобелийн хорооны дарга мэдэгджээ. “Тэрбээр ардчилалд тайван замаар шилжихийг тууштай дэмжиж, тус улсын сөрөг хүчнийг нэгтгэсэн. Ардчиллын хэрэгсэл нь энх тайвны хэрэгсэл мөн гэдгийг харуулсан” гэж тэрбээр хэлсэн байна.


Нобелийн энх тайвны шагналыг “үндэстнүүд хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх, байнгын армийг татан буулгах, цөөлөх, энх тайвны конгресс байгуулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд” үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн эсвэл байгууллагад олгодог билээ.


Өнгөрсөн оны Энх тайвныг шагналыг атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг Японы “Nihon Hidankyo” байгууллага хүртсэн юм. “Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын тулд гаргасан хүчин чармайлтынх нь төлөө, мөн цөмийн зэвсгийг дахин хэзээ ч ашиглах ёсгүй гэдгийг нүдээрээ үзсэн хүмүүсийн нотолгоогоор харуулсных нь төлөө” тус байгууллагад энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон билээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг