
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт үйлдвэрлэсэн болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ анхааруулжээ.
Энэтхэгийн Эмийн стандартын хяналтын төв байгууллагаас (CDSCO) мэдээлснээр, тухайн эмүүдийн найрлагад диэтиленгликоль (DEG) хэмээх хорт бодис илэрсэн байна. Эдгээр сиропыг ханиад, ханиалга болон томуугийн шинж тэмдгийг эмчлэхэд өргөнөөр хэрэглэж байжээ.
Дотуур хэрэглэх зориулалттай гурван төрлийн шингэн эмд диэтиленгликоль (DEG) илэрсэн талаар тус байгууллага аравдугаар сарын 8-нд ДЭМБ-д мэдэгджээ. “Энэтхэгт хүүхдүүдийн дунд гарсан хурц өвчлөл болон нас баралтын тохиолдлуудын талаарх мэдээллийг энэ оны есдүгээр сарын 30-нд хүлээн авсны дараа CDSCO-ийн мэдэгдэл ирсэн" гэж ДЭМБ-ын мэдээлэлд дурджээ. Эдгээр нь “Sresan Pharmaceutical”, “Rednex Pharmaceuticals”, “Shape Pharma” компаниудад үйлдвэрлэсэн “COLDRIF”, “Respifresh TR” болон “ReLife” гэдэг нэртэй сиропууд ажээ. Эдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, бүтээгдэхүүнүүдийг нь худалдаанаас татан авсан байна.
Мөн сиропуудыг экспортлоогүй гэдгийг Энэтхэгийн тал баталсан байна. Гэсэн хэдий ч зах зээлд шалгалт явуулахыг, ялангуяа албан бус болон хяналтгүй худалдааны сувгуудыг нухацтай шалгахыг уриалжээ. Учир нь ийм төрлийн бүтээгдэхүүнүүд анзаарагдалгүйгээр зах зээлд нэвтрэх эрсдэлтэй гэж анхааруулсан байна.
“Эдгээр сироп нь өвчтний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, үхэлд хүргэх хүндрэл үүсгэж болзошгүй. Диэтиленгликоль нь хүний биед хортой нэгдэл бөгөөд хэрэглэсэн тохиолдолд үхэлд хүргэх эрсдэлтэй” гэж ДЭМБ анхааруулжээ.Диэтиленгликоль агуулсан эмийг хэрэглэсний дараа хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах, толгой өвдөх, ухаан алдах, бөөрний цочмог дутагдалд орох зэрэг шинж тэмдгүүд илэрч, хүнд хордлого үүсгэдэг байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0