
Хятадын Коммунист Намын (ХКН) Төв хорооны IV бүгд хурал энэ долоо хоногт тус улсын нийслэл Бээжин хотноо болж байна. Уг хурлаар Хятадын дотоодын хөгжил төдийгүй дэлхийн эдийн засаг, технологийн чиг хандлагад ч хүчтэй нөлөө үзүүлэхүйц ээлжит таван жилийн төлөвлөгөөний үндсэн чиглэлүүдийг тодорхойлох учир дэлхий дахин Бээжин зүг анхаарлаа хандуулж байна.
Энэ нь ХКН-ын 20 дахь удаагийн Төв хороо 2012 онд сонгогдсоноос хойш болж буй дөрөв дэх бүгд хурал юм.
Таван жилийн төлөвлөгөө – Хөгжлийн хөтөч
1953 оноос эхэлсэн таван жилийн төлөвлөгөөнүүд нь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур бодлого байсаар ирсэн. Эл төлөвлөгөө нь бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн болон нийгмийн нөөцийг оновчтой хуваарилахад чиглэдэг юм.
Хятадын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө (2021–2025) нь тоонд бус, чанарт суурилсан өсөлтийг онцолсон бол, ирэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөө (2026-2030) нь “шинжлэх ухаан, инновацид тулгуурласан чанартай хөгжил”-ийг онцлох төлөвтэй байна.
Шинэ төлөвлөгөөнд тусгах саналууд энэ бүгд хурлаар тодорхой болох бол төлөвлөгөөг тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал ирэх оны гуравдугаар сард болох ээлжит их хурлынхаа үеэр эцэслэн батлах юм.
Таван жилийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх нь ХКН-ын засаглалын онцлог арга барил бөгөөд энэ нь дунд болон урт хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжлийг оновчтойгоор ахиулах боломжийг тус улсад олгодог. Өөрөөр хэлбэл, Хятадын орчин үеийн шинэчлэл бол өөр хоорондоо нягт уялдаа холбоотой таван жилийн төлөвлөгөөнүүдийн бодит үр дүн юм.
Таван жилийн төлөвлөгөө нь бусад улс орны хувьд Хятад улсыг ажиглаж, хөгжлийн туршлагаас нь судалж суралцах чухал цонх билээ. Хятадын туршлагаас санаа авч, дунд болон урт хугацааны хөгжлийн стратегиа боловсруулж, хэрэгжүүлж буй улс орны тоо улам бүр нэмэгдсээр байна.
15 дугаар таван жилийн төлөвлөгөө
Хятад улс “социалист шинэчлэл”-д хүрэх зорилтот хугацаа болох 2035 он болоход ердөө 10 жил үлдээд буй энэ цаг үед боловсруулагдаж буйгаараа 15 дугаар таван жилийн жилийн төлөвлөгөө нэн чухал ач холбогдолтой.
2026-2030 оныг хамрах уг төлөвлөгөөг дэлхийн чиг хандлагыг иж бүрэн үнэлж дүгнэх замаар боловсруулж буй бөгөөд хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд нийцсэн Хятадын хөгжлийн замын зураг болно гэж шинжээчид үзэж байна.
Эдийн засгийн өсөлт, технологийн шинэчлэл, ард түмний амьжиргаа болон бусад салбарын гол зорилго, арга хэмжээнүүдийг тодорхойлох уг төлөвлөгөөнд инновацид суурилсан өндөр чанартай хөгжлийг нэн тэргүүнд тавих төлөвтэй байна.
Мөн Хятадын хөгжлийн дараагийн үе шатны төлөвлөгөөнд өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлж, нээлттэй байдлыг ахиулж, дотоод болон гадаадад тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх арга замуудыг тусгах нь лавтай.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хэлсэнчлэн, Хятад улс гаднын бодлого, тогтолцоо, арга барилыг импортолдоггүй. Харин тус улс дэлхий дахинд жишиг болохуйц хөгжлийн загвар, төлөвлөгөө, бодлого, санаачилгуудыг боловсруулан хэрэгжүүлж ирсний нэг нь таван жилийн төлөвлөгөө билээ.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-ын ээлжит таван жилийн төлөвлөгөө ч тус улсын дотоодын хөгжлийг улам бүр ахиулаад зогсохгүй дэлхийн бусад улс оронд жишиг болно гэж шинжээчид үзэж байна.
Г.Солонго
Сэтгэгдэл0