
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал /COP28 – Conference of the Parties/ өнөөдөр эхэллээ. Ирэх сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг хуралд конвенцод нэгдэн орсон улс орнуудын төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болох нийт 70 гаруй мянган хүн оролцож буй юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг 1992 онд Рио де Жанейро хотноо болсон байгаль орчны асуудлаарх дээд түвшний уулзалтаар баталсан бөгөөд Монгол Улс тус конвенцыг 1993 онд соёрхон баталж, нэгдэн орсон байдаг. Энэхүү бага хурал нь уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг хэлэлцдэг, хамтын гарц шийдэл олох гол индэр юм. 28-р бага хурлаар уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлж, хүртээмжтэй болгох, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй алдагдал, хохирлыг бууруулах сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, талуудын оролцоог хангаж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах үйл хэрэгт тодорхой дэвшил гаргах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Арабын Нэгдсэн Эмират Улс COP28 бага хурлыг даргалахдаа дараах асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байна. Үүнд:
1. Эрчим хүчний шилжилт хийх, газар ашиглалтыг шинэчлэх, хүнсний тогтолцоог өөрчлөх замаар агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх хүч чармайлтыг тэргүүлэх чиглэлээ болгох,
2. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд талуудын дунд зөвшилцлийг бий болгох,
3. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улс орнуудад зориулсан алдагдал, хохирлыг бууруулах сангийн үйл ажиллагааг эхлүүлэх,
4. Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, ахиц дэвшлийн талаарх цогц үнэлгээ хийх зэрэг болно.
Талуудын 26-р бага хурал 2021 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотноо, 27 дугаар бага хурал 2022 онд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болсон ба 28 дугаар бага хурал АНЭУ-ын Дубай хотноо болж буй нь энэ юм. Бага хурлын үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Дубай хотноо болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцох ажээ.
М.Гал
Сэтгэгдэл3
Сагсуу хар ухна хотын утаанаас дайжиж өвөл болохоор гадаадаар зугаацан тэнэж авхай хүүхэн шааж явдаг болжээ..
Zse
Шуналтнуудаас болж дэлхий цөлжиж байна.