 
                
                
                НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 29 /NHK/. Дэлхийн улс орнуудын танилцуулсан шинэ зорилтуудыг хэрэгжүүлснээр 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 17 орчим хувиар бууруулах боломжтой гэж НҮБ тооцоолжээ. НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх COP30 бага хурал ирэх сард Бразилд болох гэж буй энэ үед улс орнууд 2015 оны Парисын хэлэлцээрт үндэслэн тодорхойлсон үндэсний хувь нэмрийн зорилтуудаа хянан нягталж байна.
Бага хурлын үеэр талууд эдгээр зорилттой холбоотой янз бүрийн арга хэмжээг хэрэгжүүлэх арга замуудыг хэлэлцэх юм.
Мягмар гарагт НҮБ улс орнуудын есдүгээр сарын сүүлчээр ирүүлсэн уур амьсгалын асуудлаарх үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөнүүдийг нэгтгэн дүгнэсэн тайланг гаргажээ. Тайланд дурдсанаар, хэрэв улс орнууд төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл CO2 болон бусад хүлэмжийн хийн ялгарал 2019 оны түвшнээс 17 хувиар буурна хэмээн тооцоолсон байна. Гэсэн хэдий ч Япон, Бразил зэрэг дэлхийн улс орнуудын гуравны нэг нь л зорилтуудаа ирүүлж, Хятад, Европын Холбоо ирүүлээгүй тул энэхүү тооцоолол нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 30 орчим хувийг хамарч байгаа ажээ.
Хамгийн сүүлийн үеийн дүн шинжилгээнд мөн тодорхойгүй зүйлүүд бий. Тухайлбал, АНУ Ерөнхийлөгч асан Жо Байдены засаг захиргааны үед зорилтоо ирүүлсэн бол Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх онд АНУ-ыг Парисын хэлэлцээрээс гаргана гэж мэдэгдээд байгаа юм.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Саймон Стиелл мэдэгдэхдээ, хүн төрөлхтөн өдгөө түүхэндээ анх удаа хүлэмжийн хийн ялгарлын муруйг доошлуулж байгаа нь харагдаж байгаа боловч энэ үйл явц хангалттай хурдан биш байна гээд, энэхүү хурдыг “яаралтай” нэмэгдүүлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
 Лхагва - 10 сарын 29,
                        2025
                        Лхагва - 10 сарын 29,
                        2025 
                                
Сэтгэгдэл1
Нэг тэрбум мод нэг триллион мод тарьснаар хүлэмжийн хий буурч уур амьсгалын өөрчлөлт тогтворжино гэж гэж боддог юм байх даа. Дэлхийн улс орнууд ойн моднуудаа дархан цаазтай болгож хамгаалалтад авах юм бол нэг тэрбум мод нэг триллион мод тарьснаас илүү чухал.