sonin.mn

10-р сарын 30-нд БНСУ-ын Пусан хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Ерөнхийлөгч Дональд Трамп бүс нутгийн хурцадмал асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцож байгааг бид анхаарч байна. Хятадын тал ч өөрийн арга замаар олон улсын халуун цэгийн асуудлуудад эв зүйг эрхэмлэн, яриа хэлэлцээг дэмжих чиглэлд хүчин чармайлт гаргаж ирсэн . Өнөөгийн дэлхий олон сорилт, бэрхшээлтэй тулгарч байна. Энэ нөхцөлд Хятад, Америк хоёр улс хамтдаа том гүрний хариуцлагаа харуулж, хоёр орны болон дэлхийн хамтын хөгжил, энх тайванд ашиг тустай томоохон, бодит, сайн үйлсийг хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш, бид гурван удаагаа утсаар ярьж, олон удаа захидал илгээж, нягт харилцаа холбоотой байж, Хятад, Америкийн харилцааны тогтвортой байдлыг хэвээр хадгалахын тулд хамтран чиглүүлж ирсэн. Хэдхэн хоногийн өмнө, хоёр орны эдийн засаг, худалдааны баг Куала Лумпурт шинэ ээлжийн зөвшилцөл хийж, өөрсдийн одоогийн тулгамдсан гол асуудлуудаа шийдвэрлэх талаар үндсэн тохиролцоонд хүрсэн нь өнөөдрийн уулзалтад шаардлагатай нөхцөл байдлыг бүрдүүлсэн юм. Хятад Америк хоёр орны үндэсний нөхцөл байдал өөр өөр байдаг учраас зарим талаар санал зөрөлдөөн гарах нь зайлшгүй хэрэг. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засагтай орон болохын хувьд заримдаа маргаан үүсэх нь хэвийн үзэгдэл юм. Харин сорилт, бэрхшээлтэй тулгарах үед ерөнхийлөгч Трамп бид хоёр удирдагч хүний ​​хувьд чиглэлээ зөв тогтоож, ерөнхий нөхцөл байдлыг харгалзан, Хятад, Америкийн харилцааны тогтвортой байдлыг саадгүй хөгжүүлэх ёстой .Хятадын хөгжил нь ерөнхийлөгч таны дэвшүүлсэн “Америкийг дахин агуу болгох” зорилгод ямар ч саад болохгүй, харин ч хоёр улс харилцан дэмжиж, хамтдаа хөгжих бүрэн боломжтой.



Хятад ба Америк хоёр улс сайн түнш, сайн найзууд байх ёстой. Энэ нь түүхийн сургамж төдийгүй өнөөгийн бодит шаардлага юм. Би эрхэм ерөнхийлөгч тантай хамтран Хятад, Америкийн харилцаанд бат бөх суурь тавьж, хоёр улсын хөгжлийн замд илүү таатай орчин бүрдүүлэхийг хүсэж байна гэв. 


Трамп хэлэхдээ, олон жилийн дотнын андтайгаа дахин уулзаж байгаадаа үнэхээр их баяртай байна. Хятад улсын нэр хүндтэй, чадварлаг удирдагчтай чухал асуудлуудын талаар ярилцаж байна. Манай хоёр тал олон асуудлаар нэлээд олон ойлголцолд хүрсэн бөгөөд одоо илүү олон зүйл дээр нэгдмэл байр суурьт хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Ши дарга бол том гүрний аугаа удирдагч юм. Бид хоёрын хооронд урт хугацаанд үргэлжлэх сайн харилцаа тогтоно гэдэгт итгэлтэй байна гэжээ.


Г.Бямба