ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Энэтхэгийн Дели хотын “Улаан цайз” хэмээх түүхэн дурсгалт газар дахь метроны буудлын ойролцоо авто машин дэлбэрсний улмаас 10 хүн амиа алджээ. Дэлбэрэлтэд 30 гаруй хүн өртөж хүнд гэмтэл авсан тухай “Лок Наяк” эмнэлгийн эмч, доктор Маниш Кумар Жха мэдээлсэн байна.
Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа боловч улс орон даяар нисэх онгоцны буудал, төмөр замын өртөө, засгийн газрын барилга байгууламж, дурсгалт газруудад өндөржүүлсэн бэлэн байдал зарласан гэж Аюулаас хамгаалах хүчин мэдэгджээ.
Шинэ Дели дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас осол болсон газрын ойр орчим болон олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийхийг америкчуудад зөвлөж байна. Энэтхэгт “Лал-Кила” гэдгээрээ алдартай “Улаан цайз” нь 17 дугаар зуунд баригдсан бөгөөд улаан элсэн чулуун том ханануудтай учраас ийнхүү нэрлэгджээ. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн уг дурсгалт газрыг жил бүр олон сая хүн үздэг. Дэлбэрэлт болохоос өмнө 18:42 цагийн орчимд улаан гэрлийн орчимд удаан явж буй тээврийн хэрэгсэл “зогссон” гэж Дели хотын Цагдаагийн комиссар Сатиш Голча сэтгүүлчдэд мэдээлжээ.
Делигийн Гал түймэртэй тэмцэх албаны дэд даргыг эш татан “Reuters” агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас хамгийн цөөндөө зургаан тээврийн хэрэгсэл, гурван дугуйт гурван тээврийн хэрэгсэл шатсан байна.
Дэлбэрэлт болсон газарт биечлэн очиж, эмнэлэгт хохирогчидтой уулзсан Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах мэдэгдэхдээ, хууль сахиулагчид дэлбэрэлт болсон газрын ойролцоох хяналтын камеруудыг шалгана гэлээ. “Бид дэлбэрэлтийг бүх өнцгөөс нь шалгаж, нөхцөл байдлыг тогтмол хянаж байна” гэж Цагдаагийн комиссар С.Голча нэмж хэлжээ. Дүрс бичлэгийг үзэхэд мотоциклтой хүмүүс болон явган зорчигчид сандран гүйлдэж, асар том улбар шар өнгийн дөл тэнгэрт маналзаж байгаа нь харагдана. Ойр орчмын оршин суугчид чанга дуу чимээ сонссон талаараа ярьсан байна.
“Бид хүчтэй чимээ сонссон. Цонхнууд чичирхийлж байсан” гэж нэрээ хэлээгүй нэгэн оршин суугч Энэтхэгийн NDTV телевизэд ярьсныг “Reuters” агентлаг уламжилжээ. Өөр нэгэн оршин суугч Раждхар Пандей байшингаасаа галыг харсан гээд, “дэлбэрэлтийн чимээ чанга сонсогдсон” гэж CNN News-18 телевизэд мэдээлсэн байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. “Гэмтэж бэртсэн хүмүүст хурдан эдгэрэхийг хүсье” гэж тэрбээр X хуудсандаа бичсэн байна. Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх дэлбэрэлтийг “харамсалтай бөгөөд түгшүүртэй” гэж тодорхойлоод, гэмтсэн хүмүүсийг хурдан эдгэрээсэй хэмээн залбирч байгаагаа мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 11 сарын 11,
2025

Сэтгэгдэл0