Монголд 1910-аад оноос сонин хэвлэл эрхлэн гаргахад С.Буяннэмэх, Ц.Дамбадорж, Ж.Цэвээн нарын сэхээтнүүд, 1920-иод онд хувьсгалт хэвлэлүүд үүсэн бий болоход ажиллах гол хүчин нь мөн л тэр цагийн номтой сэхээтнүүд, бичгийн хүмүүс байсны дотор Д.Нацагдорж багтана. Тэрээр 1921 оны ардын хувьсгал ялсны дараа Цэргийн яаманд ажиллаж, улмаар шинээр тогтносон улсыг тохинуулах үйл хэрэгт хүчин зүтгэсэн. Тодруулбал, 1921 оны ардын хувьсгалын үзэл санааг дэмжиж ажилласан. 1990 оноос өмнөх үеийн судалгааны бүтээлүүдэд энэхүү үзэл бодлын талыг ихээхэн тод гаргасан байдаг нь тухайн нийгэм цаг үеийн нөхцөл байдал, тусгал мөн. Д.Нацагдорж 1924 онд намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн орлогч даргаар сонгогдон ажиллаж байсан. Харин “Ардын цэрэг” сонин бол 1924 оны хоёрдугаар сард хуралдсан Намын төв хороо, Засгийн газрын хамтарсан 2 дугаар хурлын тогтоолын хэрэгжилтийн үр дүн юм. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг хүрээнд “Ардын цэрэг” сониныг 1924 оны 2 дугаар сарын 5-наас гаргаж эхэлсэн нь цэрэг армийн байгууллагын тогтмол хэвлэлийн анхдагч болжээ.
Судлаач Г.Дэлэгийн бичихдээ “Ардын цэрэг” сонин нь анхны дугаараасаа эхлэн дайчдын улс төрийн ухамсрыг дээшлүүлэх, тэдэнд намын бодлогыг сурталчлах, эх оронч үзэлтэй болоход анхаарал тавьсан гэсэн байдаг. Энэ нь үндсэндээ энэхүү хэвлэлийн нийтлэлийн бодлогыг тодорхойлж байна.
Судлаач Б.Содном “Улаан одон” сонин анх “Ардын цэрэг” гэсэн нэртэй гарч ирсэн юм. Энэ сонины эрхлэгчийн нэг нь Дашдоржийн Нацагдорж, нөгөө эрхлэгч нь Жадамбаа байсан хэмээн тэмдэглэжээ. Тэрээр энэхүү сонины анхны дугаар 1924 оны хоёрдугаар сарын 5-нд нийтлэгдсэн тухай бидэнд тодорхой мэдэгддэг гээд тэр үед тус улсын дотор гарч байсан бараг бүх сонин хоёр эрхлэгчтэй байсан. Тэд адил тэгш эрхтэй, хатуу хариуцлагатай ажиллаж сониныг цаг хугацаанд нь саадгүй гаргадаг байсан гэдгийг “Д.Нацагдоржийн зарим уран зохиолын судалгаа” /1980/ номдоо бичсэн байдаг. Мөн Б.Содном судлаач Д.Нацагдорж энэ хэвлэлд ажиллаж байсан тухай “Анхны эрхлэгчийн нэг” 1.өгүүллийг тусгайлан бичиж нийтлүүлж байжээ. Д.Нацагдоржийн “Ардын цэрэг” сонины эрхлэгчээр ажилласан хугацааг судлаач Г.Дэлэг “1924 оны 2 дугаар сарын 5-наас 1925 оны 5 дугаар сарыг хүртэл “Ардын цэрэг” сонины 27 дугаарыг эрхлэн гаргасан” 2 гэсэн бол А.Дашням нар 1924 оны хоёрдугаар сарын 5-наас 1925 оны зургаадугаар сарын 3-ны хүртэл 3 сонины эрхлэгчээр ажилласан гэж гаргасан байна. Сонин хоёр эрхлэгчтэй байсан учир нь сонины хоёр эрхлэгч хоёул давхар ажилтай байсан, хүн хүч цөөн байсан тэр үед сонины тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилготой зохицуулалт байжээ. Монголчууд тусгаар тогтнолоо олж авсан цаг үе, шинэ нийгэм байгуулах, нүүдэлчин ахуйгаас суурин амьдралын хэв маяг руу шилжих гээд олон зүйлийг цоо шинээр хийж байсан тэр үед шинээр долоо хоног тутам сонин гаргах гэдэг бол эрхлэгчийн алба хүлээж авч байгаа хүмүүсийн тухайд маш том үүрэг хариуцлага. Бас сонин гэдэг өөрөө өвөрмөц бүтдэг. Сонинд нийтлэгдэж уншигчдад хүргэх зүйлийн “түүхий эд материал” нь хүний сэтгэл оюунд байдаг.
Бүр тодруулбал, дугаар бүр оргүй хоосноос л эхэлдэг ажил. Тиймээс тухайн дугаар ямархуу бүтэцтэй байх, хэнээр ямар нийтлэл бичүүлэх, уншигчдад ямар мэдлэг мэдээлэл өгсөн бүтээл болж гарах вэ гэдэг эрхлэгчээс буюу редактороос хамаардаг. Ийм ажлыг Д.Нацагдорж 18 настайдаа хүлээн авч жил гаруй хийсэн.
Түүний хамтрагч Н.Жадамба нам, эвлэлийн төв хороо, Сангийн яаманд ажилтай тул зав чөлөө хомс тул Д.Нацагдорж сонины дугаарыг бэлтгэн гаргахад ихээхэн хүч чармайлт тавьдаг байсныг олон судлаач тэмдэглэсэн байна. Тухайлбал “Уг сонин гарч байх үеэр сонины эрхлэгч нар ямар нэгэн юмыг тувт өөрсдөө сурвалжилж, түүнийгээ дээд зэргээр найруулан бичихээр оролдож, утга санаагаа илтгэж чадсан буюу эсвэл хэл найруулга нь эвцэж болж уу, үгүй юу гэх мэтээр дахин дахин давтан засаж байж сая хэвлэхээр шилжүүлдэг байжээ. Зохиолч Нацагдорж бүх ч хянамгай байж, уг сонины чанар чансааг сайжруулахын талаар гоц их болгоомжтой ажилладаг байсан” 4 гэж дурджээ. Сонины толгой дээрээ морьтой дайчин цэргийн зураг бүхий эл сонины нүүрт “Энэхүү сониныг Монгол Улсын бүх цэргийн зөвлөлийн цэргийн бичиг зохиох хэлтсээс долоо хоног бүх нэгэн удаа хэвлэн гаргамуй” гэж бичсэн байх ба Д.Нацагдоржийн эрхлэн байх үед арын хуудаст “Энэхүү сонины эрхлэгч Жадамба, Нацагдорж гэж бичсэн байна. Мөн арын хуудаст 1500 хувь хэвлэсэн, нэг ширхэг нь 7 мөнгөний үнэтэй гэх мэдээллийг багтаасан байна. Долоо хоног бүр 1500 ширхгийг хэвлэн гаргаж байсан гэдэг энэ мэдээлэл нь өөрөө сониныг хэвлэн гаргах, түгээхэд хувьсгалын эхний жилүүдэд хэрхэн ач холбогдол өгч байсныг харуулна.
“Ардын цэрэг” сонины 1924 оны №6-д ардын намаас цэргийн явдлыг чухалчлан үзэж, шилдэг гишүүдээ тэнд ажиллуулах бодлого явуулж, ардын намыг үүсгэгчдийн нэг Д.Сүхбаатарын цэргийн хэргийг удирдуулахаар томилсон тухай, манай ардын цэрэг намын зааврыг биелүүлэхийн тулд гал уснаас буцахгүй байж, цэргийн эрдэмд боловсорч, Зөвлөлтийн Улаан армийн сургагч нарын заасан бүхнийг чармайн биелүүлж байгаа тухай бичжээ.
Энэ бол уг сонины нийтлэлийн бодлогыг тодорхой харуулж байгаа юм. Бидний олж үзсэнээр МАН-ын архивт хадгалагдан байгаа 1925 оны “Ардын цэрэг“ сонины 15 /1925/ оны зургаадугаар сарын 3-ны дугаар 6-д "Энэхүү сонины эрхлэгч Жадамба, Нацагдорж" гэсэн бичиг байгаа ба үүнээс хойших дугаарт “Эрхлэгч Жадамба, Дэндэв” гэж өөрчлөгдсөн байна. Энэ нь Д.Нацагдорж 1925 оны тавдугаар сарыг дуустал ажиллаж, зургаадугаар сарын эхний дугаарыг эрхлэн гаргахад оролцсон нь гэдгийг тодорхой харуулж байна. Тиймээс Д.Нацагдоржийн “Ардын цэрэг” сонинд ажилласан хугацааны талаар Г.Дэлэгийн бичиж, сэтгүүл зүйн ном бүтээлүүдэд уламжлан эш татагдаж ирсэн .”..1925 оны 5 дугаар сарыг хүртэл” гэдгийг биш, харин цаашид Г.Дашням нарын номдоо бичсэн 2025 оны зургаадугаар сарын 3-ныг хүртэл гэдгээр явах ёстой гэсэн үг. Тэр үеийн сонинд жинхэнэ нэрээ тавих нь цөөн, голдуу нууц нэрээр гаргадаг байсан, харин тогтмол бичигчид нь голдуу нууц нэртэй байсан зэрэгтэй холбоотойгоор “Ардын цэрэг” сонинд яг Нацагдорж гэсэн зохиогчтой мэдээ, өгүүлэл нийтлэл байхгүй. Гэхдээ энэ нь тэрээр өөрийн эрхлэн гаргаж байсан сониндоо бичиж байгаагүй гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ бичиж байсан, бүр бичих үүрэгтэй байсан гэсэн үг. Д.Нацагдорж судлаач Б.Содном “Ардын цэрэг” гэсэн “Улаан одон” сонины 1924 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 3 дугаар сонины эцэст нэг шүлэг байна гээд уг шүлгийг Д.Нацагдоржид хамааруулан үзсэн байдаг. Энэ бол “Гэгээн замыг нийт дор /нийтэд/ нээе” шүлэг юм. Судлаач үүнийг нэг талаас нь Монгол ардын намыг байгуулсны гурван жилийн ойг тэмдэглэх үеэр зохиолч энэ шүлгийг бичиж хэвлүүлсэн, 1924 оны цагаан сар мөн оны хоёрдугаар сард болсонтой холбогдуулж бичсэн гэж тайлбарлажээ. Мөн нөгөө талаасаа тухайн үед “Ардын цэрэг” сонинд ажиллаж бичиж байсан хүмүүсээс Д.Нацагдоржоос өөр шүлэг биччихээр хүн байгаагүй нь нь шүлгийг түүнийх гэж үзэх бас нэг үндэслэлээ болгосон байна.
“Гэгээн замыг нийт дор нээе” шүлэг
Ард түмний тусын тул,
Арваннэгдүгээр оны цагаан сарын
Амарлингуй хорин хоёрын өдөр
Ардын намыг байгуулав
Харгис гэмин чандруу
Харштай Унгерн нарыг сөнөөгөөд
Халх Монголын ардуудыг
Хайрлан энэрч жаргав аа
Ардын засгийг байгуулаад
Амгалант эрх чөлөөг
Ар халхын ардууд дор
Асрангуйн зорилгоор олгов оо
Эрдэм соёл дор боловсорч
Эрийн сүрийг бадруулъя
Эзэрхэг харгисуудыг устгаж,
Эрх чөлөөг бататгая.
Гишүүн болсон бид бүгдээр
Гэмт гажуу явдлыг орхиж,
Гэрэлт суртал дороо боловсорч
Гэгээн замыг нийтэд нээе.
1924 Зохиогчийн нэргүйгээр хэвлэгдсэн энэ шүлгийг хожмын судлаачид тодруулбал Д.Цэдэв нар “Бүрэн зохиол”-ын тэргүүн ботьд “Эргэлзээ” гэсэн хэсэгт оруулсан байна. “Ардын цэрэг” сонин “Шүүмжлэлт өгүүлэл” гэдэг булантай байжээ. 1924 оны зургаадугаарт Нийслэл хүрээний бохир бохир бүдүүлэг байгааг шүүмжилсэн өгүүлэл нийтлэгдэж байжээ. “... манай хүрээний гудамж зээл болбаас элдэв буртгаар дүүрэн нь жигшин ой гутмаар ийм муухай ба бас ч элдэв өвчний хөрөнгө болохын дээр гадаадын этгээдүүдэд шүүмжлэгдэж байгааг хэн боловч мэдсээр авч түүнийг устгахыг туйлын санаа тавьж оролдохгүй өдий хүрчээ” гээд энэ ариун цэврийн талаар анхаарахгүй байгаагаас элдэв өвчнөөр хүн ард үхэж хорогдоод улсын сүр хүчинд ихээхэн гарз болж байгааг тайлбарлаад энэ байдлаа одоо даруй зогсоохыг хатуу шаарджээ. Энэ шүүмжлэлт өгүүллийг талаар судлаач Д.Нямсүрэн бичихдээ “Сэдвийн нь байдал найруулгын нь онцлогийг ажиглавал энэ мэт шүүмжлэлт өгүүллийг өөрөө ч бичдэг байсан байж болох юм” 5 гэж үзсэн байна.
“Ардын цэрэг” сонины 1924 оны дөрөвдүгээр сарын 2-ны 7 дугаарт байгаа “Уран арга нь уулгалан баатарлахаас илүү” гэсэн өгүүллийн талаар судлаач Б.Содном “Үүнийг ажиглавал Нацагдоржийн хэл найруулгатай нээрээ ойролцоо байна. Түүний ард “Сайн санаат” гэсэн нууц нэр бий нь Нацагдорж болов уу гэж санагдана” 6 хэмээн бичжээ.
Өмнө хэлсэнчлэн тухай мэдээнд бичсэн хүний нэрийг тавьж байгаагүй учраас тэр. Тиймээс чухам аль нийтлэлийг түүнийх болохыг эх бичвэрийн төвшинд илүү сайн судлах шаардлагатай хэвээр байна. Нөгөөтэйгүүр 18 настай залуу хүү цэрэг армийн дайчдад мэдээлэл ухуулга хүргэх гол эх сурвалж болсон сонины эрхлэгчээр ажиллаж байсан гэдэг бол 1921 оны ардын хувьсгалын дараа шинэ монголын залуучууд улс орныхоо өмнө ямар үүрэг ачаа хүлээж авч, түүнийгээ хэрхэн нэр төртэй хийж гүйцэтгэж байсны жишээ юм. “Ардын цэрэг”-ээр эхэлсэн манай армийн хэвлэл нь түүхийн явцад хэд хэдэн удаа нэрээ өөрчилсөн. Гэхдээ ямар ч нэртэй гарч байснаас үл хамааран “...ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнол, энх тайвныг хамгаалах, өөрийн орны зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, цэргийн албан хаагчдын улс төр, байлдааны бэлтгэлийг дээшлүүлэхэд үлэмжхэн тус хүргэсэн” 7 хэвлэл. “Ардын цэрэг” сонин 1927 оны 6 дугаар сарыг хүртэл нийт 152 дугаар гаргаад завсарлаж, улмаар 1929 оны гуравдугаар сарын 3-наас “Хувьсгалт цэргийн соёлын зам” нэртэйгээ 7 хоногт нэг удаа гэдэг давтамжтайгаар 156 дугаар гаргасан, улмаар цэргийн хэвлэл нэрээ дахин өөрчилж, 1930 оны наймдугаар сараас “Улаан-Од” нэртэйгээр гарах болжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа сонины нэр дахин өөрчлөгдөж, өдгөө Монгол Улсын цэрэг армийн хэвлэл нь “Соёмбо” нэртэй болсон байгаа билээ.
“Улаан од” сонин 1966.01.18 №66 /6796/
- Г.Дэлэг. “Монголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл” УБ 1965 х117
- А.Очир, Г.Дашням “Д.Нацагдорж: Нийгэм, улс төр, эрдэм судлалын үйлс, амьдрал” УБ 1996 х139
- Б.Содном “Д.Нацагдоржийн зарим уран зохиолын судалгаа”. УБ 1980, х16
- Д.Нямсүрэн “Д.Нацагдорж бол сэтгүүлч”. Хэл зохиол судлал БНМАУ-ын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн. УБ 1970, х 311
- Б.Содном “Д.Нацагдоржийн зарим уран зохиолын судалгаа. УБ 1980, х17
- Г.Дэлэг “Монголын хэвлэл” УБ 1972 х108-109/
Д.ОТГОНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мягмар - 11 сарын 17,
2026
Сэтгэгдэл0