2025 оны Дэлхийн хятад хэлний чуулган 11-р сарын 14-16-нд Бээжин хотод болж, дэлхийн 160 гаруй улс орон, бүс нутгийн боловсролын байгууллага, их дээд сургуулийн удирдлага, БНХАУ-д суугаа дипломат төлөөлөгч зэрэг бараг хоёр мянга орчим хүн оролцов.
Чуулганы үеэр болсон “Иргэншил хоорондын харилцан суралцахуй ба Хятад судлалын мэргэжилтний бэлтгэл” сэдэвт хуралдаан дээр Хятадын Боловсролын Яамны Хятад хэлний хамтын ажиллагаа, солилцооны төвөөс Дэлхийн залуу хятад судлаачдын академик нийгэмлэг байгуулагдсаныг зарласан нь онцлох үйл явдлын нэг байлаа. Энэхүү нийгэмлэгийн анхны гишүүдээр олон улсын “Шинэ хятад судлалын хөтөлбөр”-ийн залуу эрдэмтэд багтаж, цаашид тэд хятад хэлний сургалт, хятад соёлын судалгаа, иргэншил хоорондын харилцан ойлголцлын чиглэлээр тогтмол уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ.
Чуулганы үеэр Хятадын Боловсролын Яамны Хятад хэлний хамтын ажиллагааны төвөөс хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын 3.0 хувилбарыг танилцуулсан нь бас нэгэн шинэчлэл байв. Ингэснээр өмнөх зургаан түвшин есөн түвшин болж өргөжиж, хятад хэл суралцагчдад илүү нарийвчилсан шатлалтай үнэлгээ авах боломж бүрдлээ. Мөн хятад хэлний боловсролыг дэмжих зорилгоор хэд хэдэн дижитал платформ шинээр нэвтрүүлжээ.
Албан ёсны статистикаар, энэ оны эхний хагас жилд HSK шалгалтад төлбөртэй бүртгүүлсэн хүний тоо 410 мянгыг давж, өмнөх оны мөн үеэс бараг 20 хувиар өссөн байна. Ийнхүү дэлхийн олон оронд хятад хэлний эрэлт, хятад судлалын сонирхол тогтмол нэмэгдэж буй нь Дэлхийн хятад хэлний чуулганы ач холбогдол жил ирэх тусам улам өсөж байгааг харуулж байна.
Даваа - 12 сарын 08,
2025

Сэтгэгдэл0