“Зууны мэдээ” сонин энэ удаагийн ярилцлагын зочноор МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, Хэл бичгийн ухааны доктор, уран зохиол шүүмжлэгч Г.Батсуурийг урилаа.
-Монголын орчин үеийн уран зохиолчид улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, түүх соёлын тухай зохиол бүтээлдээ хэрхэн тусгаж байв?
-Орчин үеийн уран зохиол гэдэг ойлголтыг үндсэндээ 1921 оноос хойших үе гэж үздэг. Тэр үеэс хойших манай уран зохиолд тусгаар улсын тухай үзэл санаа гүнзгий туссаар ирсэн. Ер нь нүүдэлчдийн яруу найрагт цаг хугацаа гэхээсээ орон зай илүүтэй дүрслэгддэг. Малаа бэлчээх орон зай тэдэнд их чухал. Тийм учраас манай яруу найрагт гэхэд эх орны уянгын гэдэг бүхэл бүтэн ай бий. Энэ сэдэв чиглэлээр бүхий л үеийн яруу найрагчид бичсэн.
-Тэгвэл нэн шинэ үеийн зохиолч, яруу найрагчид энэ сэдвийг зохиол бүтээлдээ хэрхэн тусгаж байна вэ?
-Манай залуу үеийн яруу найрагчид өмнөх уламжлалаа үргэлжлүүлж байгаа. Гэхдээ дотроо хоёр янз. Эхнийх нь гэвэл уламжлалт монгол ахуй, сэтгэлгээ, нүүдэлч амьдралын хэв маягийг барьдаг хэсэг байна. Тэдний шүлэг бүтээлд эх орон, хөдөө ахуйн дүрслэл түгээмэл. Учир нь тэд ихэвчлэн хөдөөний ахуйд төрж өссөн залуус байдаг. Хоёр дахь хэсэг нь цэвэр “урбан” буюу хотын хүүхдүүд. Тэдний уран бүтээлд монгол ахуйн дүрслэл бага, сэтгэлгээний гэмээр талдаа шүлгүүдтэй. Гэхдээ аль аль нь Монгол, тусгаар тогтнол, эх түүх гэдэг сэдэв дээр бол эргэлзэх зүйлгүй байх.
-Бидэнд Чингис хааны тухай ярих ч эрхгүй байсан үе бий. Харин одоо “Монгол бахархлын өдөр”-ийг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Нийгмийн ээдрээтэй тэр үед энэ сэдвээр зохиол бүтээлээ туурвих хүсэлтэй зохиолч, яруу найрагчид хэр байсан бол?
-Яг үнэндээ Р.Чойномоос өөр хүн байгаагүй гээд хэлчихэд нэг их хилс болохгүй байх. Яах вэ ганц нэг далд гэмээр утгатай юм бичээд үзэл суртлынханд мушгиулж шийтгэл хүлээсэн цөөн хэдэн хүн бий. Хүн тэгээд нийгмийнхээ л бүтээгдэхүүн байдаг болохоор одоо тэр үеийнхнийг буруутгах ч хэцүү. Зөвтгөх ч хэцүү л дээ.
-Үзэл сурталжсан нийгмийн салхийг сөрж Д.Пүрэвдоржийн “Чингис” шүлэг мэндэлж, түмэнд алдаршсан. Зохиолч энэ шүлгээрээ дамжуулж юуг илэрхийлэхийг зорив?
-За яах вэ, Д.Пүрэвдорж нэг их ухаантайдаа ч юм уу, эсвэл их зоригтой, үндэсний үзэлтэйдээ тэр шүлгийг бичсэн юм биш. Д.Пүрэвдоржид улаан Оросын колонийн нийгмээ магтсан шүлэг найраглал нэртэй хөгийн юмнууд зөндөө бий. Тэдгээр нь одоо манай утга зохиолын хогийн саванд байгаа. Харин Чингис шүлгийг бичих нийгмийн учир шалтгаан тэр үед гарсан.
Өөрөөр хэлбэл 1962 онд Чингис хааны 800 жилийн ой тохиосон. Гэтэл хятадууд сүртэй тэмдэглэх тухай яриа гарахаар эрхбиш монголчууд юм чинь ганц нэг юм хийе, хөшөө энэ тэр босгоё гээд тэр хүрээнд л бичигдсэн шүлэг. Шүлгийн хувьд бол нэг их сүр болоод байх юм байхгүй. Ердийн цагаан шүлэг.
Гагцхүү тэр үед тийм шүлэг бичигдсэн гэдгээрээ л үнэ цэнтэй. Ер нь юмны үнэ цэн гэдэг цаг хугацаатайгаа уялддаг эд бололтой. Харин тухайн үеийн ард түмэн Чингис шүлгийг талархан хүлээн авсан нь эргэлзээгүй. Угаасаа их хоригдсон сэтгэл зүй гэдэг тийм байдаг юм билээ. Чингис хаанаа ярьж, эх түүхээрээ бахархаж чадахгүй, үндэсний баяраа ч тэмдэглэж чадахгүй хоригдсон түмэнд тэр шүлэг бол тэсрэлт болсон. Энэ шүлэг алдартай болсон шалтгаан нь ердөө л цагаа олж бичигдсэнд оршино. Өнөөдөр ийм шүлэг биччихээд аугаа гээд дайраад байвал хэн ч тоохгүй.

-“Чингис” шүлгийг нийгэм хэрхэн хүлээж авсан бэ. Энэ төрлийн утга агуулгатай шүлэг нийгэмд ямар үр нөлөөтэй байдаг вэ?
-Нөлөөтэй байлгүй яах вэ. Ард түмэн талархан хүлээж авсан. Ойн хурал дээр Ц.Дамдинсүрэн гуай халамцуу ороод баахан юм ярьсан байдаг юм. Тэгээд Чингис хааны 800 жилийн ой тэмдэглэсэн Д.Төмөр-Очироос эхлээд бүгд арга хэмжээ авхуулж хэлмэгдсэн түүхтэй.
-Монгол Улс “Монгол бахархлын өдөр”-тэй болж, тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдлыг та юу гэж бодож вэ?
-Энэ өдрийг тодорхой болгомоор юм шиг санагддаг. Нэг болохоор Чингис хааны төрсөн өдөр, нөгөө болохоор бахархлын өдөр гээд ойлгомжгүй юм яваад байх юм.
Ингэхээр энэ өдрийн үнэ цэн унаад байна. Угтаа ийм бахархлын өдөр маш чухал. Ялангуяа дэлхийн улс төрийн байдал ийм байгаа үед ард түмэн, залуу үедээ “Та бол монгол хүн шүү, аугаа их Чингис хааны үе хойч шүү” гэдгийг дахин нэг сануулах ийм өдөр хэрэгтэй.
Мөхөж буй ард түмэн өнгөрсөн юмаараа бахархдаг юм шиг санагддаг. Тэгэхээр Чингисийн хойчис бид одоо ийм ийм юм хийж бүтээж байгаа гэдгээрээ илүү бахархдаг өдөр байгаасай л гэж хүсэж байна. Өнгөрсөн түүх бол өнгөрсөн л түүх шүү дээ. Харин бидэнд өчигдрөөс маргааш илүү чухал юм.
-Дэлхий дахин даяарчлагдаж буй энэ үед уран зохиолоор дамжуулж хэрхэн ондоошлоо авч үлдэх вэ?
-Даяаршил, дангааршил гэж нэг хэсэг их ярьсан. Угаасаа мэдээллийн боломжоор дэлхий хавтгай болж байгаа нь зайлшгүй шинжтэй. Харин ковидын нөлөөгөөр эх орон, гэр орон гэж ямар чухал гэдгийг ухаарсан болов уу. Түүнээс болоод даяаршил дууслаа ч гэж бичиж байсан. Мэдээллийн энэ хүртээмжтэй байдал хүн төрөлхтнийг угтаа нэгтгэж байна. Уран зохиолын хувьд дэлхийчлэх гэхээсээ өөрийн гэсэн онцлогоо гарган бичих нь нэн чухал байдаг.
Даяаршлын нөлөөгөөр утга зохиолын том төвүүд нэгэнт үгүй болчихлоо. Өмнө нь Орос, Франц ч юм уу дэлхийн утга зохиолын том төв байсан бол одоо үгүй болсон. Хэдхэн жилийн өмнө Хятадаас ч юм уу, Туркээс утга зохиолын салбарт Нобель авна гэхэд итгэх хүн үгүй байсан.
Гэтэл төвийн биш гэмээр утга зохиолын бүтээлүүд дэлхийн сонирхлыг татаад эхэлчихлээ. Энэ нь нэг талаас төвгүйжил, нөгөө талаас бас л мэдээллийн хурдтай холбоотой байх. Нобель мэдээж эцсийн шалгуур биш. Гэхдээ нэг үзүүлэлт бол мөн. Ер нь дэлхийн дахинд классик буюу сонгодог, элит буюу шилмэл, беллетристка буюу хээнцэр, массовый буюу олон нийтийн гэсэн дөрвөн төрлийн л зохиол бичигдэж байна гэж үздэг. Сонгодог бол цаг үеийн шалгуурыг давсан бүтээлүүдийн хүрээнд яригддаг. Шилмэл нь яг өнөөдөр хамгийн “бест” байгаа бүтээлүүд гэх үү дээ. Нөгөө хоёр нь бол арилжааны талдаа л бүтээлүүд юм.
Өнөөдөр шилдэг байж байгаад маргааш сонгодог болох нь утга зохиолын туйлын хүслэн байдаг. Тэгэхээр ямар зохиолыг сонгодог гэдэг вэ гэх асуулт гарч таарна. Сонгодгуудыг хараад байхаар нэгт философидоо байдаг. Хоёрт гэвэл өөрийн үндэстний онцлогийг дэлхийд таниулж чадсан бүтээлүүд байна.
Жишээ нь М.Шолохов Донын казакуудын амьдралыг, Мө Янь Хятадын нэг хүүхдийн бодлогын цаад мөн чанарыг гээд яг л өөрсдийн онцлогийг дэлхийд зүгээр л байгаагаар нь таниулчихсан. Ингээд Нобель авч сонгодогт орсон. Тэгэхээр бид юугаараа дутах билээ. Өөрийн үндэстний онцлогийг л бичих хэрэгтэй, угаасаа бидэнд том түүх, уламжлал, өвөрмөц ахуй соёл байна.
П.Лхагважаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл0