Францын хөл бөмбөгийн “Пари Сен-Жермен” багт тоглодог Мароккогийн хамгаалагч Ашраф Хакими энэ оны Африк тивийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртсэн тухай Африкийн хөл бөмбөгийн холбооны хэвлэлийн алба мэдээллээ.
Шагнал гардуулах ёслол Марокко улсын нийслэл Рабат хотод болжээ. Хакимигээс гадна уг шагналд Английн “Ливерпүүл” багт тоглодог Египетийн шигшээгийн довтлогч Мохаммед Салах, Туркийн “Галатасарай” багт тоглодог Нигерийн довтлогч Виктор Осимхен нар өрсөлдсөн байна.
Өдгөө 27 настай Хакими уг шагналыг анх удаагаа хүртэж байгаа нь энэ юм. Өнгөрсөн онд Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Италийн “Аталанта” багт тоглодог Нигерийн довтлогч Адемола Лукман шалгарчээ. Шагналыг хамгийн олон удаа хүртсэн хөлбөмбөгчид бол Камеруны довтлогч Самюэль Это'О, Кот-д’Ивуарын хагас хамгаалагч Яя Туре бөгөөд тэд тус бүр дөрвөн удаа шилдгээр тодорч байв.

Энэ онд Хакими ПСЖ-гийн бүрэлдэхүүнд Аваргуудын лигт түрүүлсэн бөгөөд финалын тоглолтод Францын баг Италийн “Интер”-ийг 5:0-ээр хожиход тэрбээр нэг гоол оруулсан юм. Мөн ПСЖ-тэй хамт 2024/2025 оны улиралд Францын АШТ, Францын цом, Супер цомын тэмцээнүүдэд түрүүлжээ. Түүнчлэн клубүүдийн ДАШТ-ий финалд шалгарсан билээ. Одоогийн байдлаар тэрбээр ПСЖ-гийн бүрэлдэхүүнд 55 тоглолтод оролцохдоо 11 гоол оруулж, 16 оновчтой дамжуулалт өгөөд байна.
Б.Адъяахүү
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл1
Ёвропын шилдэг хөлбөмбөгчинөөр Норвёгийн Хооланд шалгарах ёстой !