sonin.mn

НИТХ-ын Ээлжит бус X хуралдааны II хэлэлцүүлгээр Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т заасан “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох” нөхцөл үүссэнтэй холбогдуулан уг тодотголыг боловсруулжээ.



Төсвийн тодотголоор нийслэлийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт болон нийгмийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан байна. Мөн инженерийн дэд бүтэц, нийтийн тээвэр, орчны бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжих төсөл, арга хэмжээнүүдийн санхүүжилтийг бодит нөхцөл байдалд нийцүүлэн шинэчилжээ.


Ийнхүү батлагдсан төсвийн тодотгол нь Улаанбаатар хотын эдийн засгийн идэвхжил, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг хадгалах, санхүүгийн сахилга батыг бэхжүүлэхэд чиглэж байна.

2025 оны жилийн эцсийн байдлаар санхүүжилт нь бүрэн шийдэгдээгүй зарим томоохон төсөл, арга хэмжээг нийслэлийн 2026 оны төсвийн тодотголд тусган үргэлжлүүлэхээр боллоо. Эдгээр нь хотын дэд бүтэц, зам тээвэр, хот төлөвлөлт, инженерийн хангамж, төвлөрлийг сааруулах бодлоготой шууд холбоотой ажлууд юм.