sonin.mn

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав хэвлэлийн бага хурал хийв.


Энэ үеэрээ тэрээр: “ Манай нөхөр болох Б.Эрдэнэсүх олон жилийн турш намайг хүчирхийлж, амийг минь хохироох оролдлого хийж ирсэн. Хөдөө хээр аваачаад надтай амьдар, эсвэл энэ газраа үх зэргээр айлган сүрдүүлж байсан.


Хамгийн сүүлд 2022 онд 10 давхрын тагтнаас намайг авч шидэхийг завдсан. Тухайн үед би амийг минь аврахыг гуйж орилж, манай хаалгыг хүн балбаж, би амь аврагдсан. Намайг тагнаж чагнаж, үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг зөрчиж байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан.


Намайг тавилгатай орон сууцыг нь зарсан гэж сошиал орчинд бичсэн байна лээ. Б.Эрдэнэсүх гэр бүлээс гадуурх харилцаатай болж, хүүхдүүдээ гэрээс нь хөөж гаргасан. Ингээд би хүүхдүүдтэйгээ ярилцаад Монголд байвал амь эрсдэх аюултай гэж үзээд БНСУ руу явсан.


Б.Эрдэнэсүх том хүүгээ хүртэл шүүхэд өгсөн. Гэр бүлийн дундын компанитай. Хүүгээ огт танихгүй гэж ээжтэйгээ хамт мэдүүлж, компанийнх нь үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хулгай хийж явсан гэж цагдаад гомдол гаргасан байсан. Ийм нөхцөл үүссэн учраас Солонгост би хар амиа хоохойлоод байж чадаагүй.


Хүүхдүүдийнхээ эцэг нь юм чинь тэдэндээ арай ч халдахгүй байх гэж бодсон чинь хүүхдээ шоронд хатаана, овгоо солиорой гэдэг шахалт үзүүлсэн байсан. Миний дөрвөн хүүхэд бэр, ач хүүхдүүд маань миний хувьд хамгийн үнэ цэнтэй хүмүүс учраас би Солонгост зөвхөн өөрийгөө бодоод байж чадсангүй ээ. Миний хүүг хулгайн хэргээр цагдаад өгсөн нь прокурорын шатанд шилжсэн байсан. Б.Эрдэнэсүх хүүгээ менежер гэж хэлж, хөндлөнгийн юм шигээр хандсаныг прокурор "аав, хүү юм байна" гэдгийг нь тогтоогоод хулгайн сэдэлгүй гэж шийдвэрлэсэнд баярлаж байна. 


Намайг хүлж, бэлгийн дур хүслээ хангаж, үүнээсээ хийсэн бичлэг зэргээ олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж байсан. Ёс бус үйлдэл үзүүлж байгаа хүн Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч байхад яаж надтай адилхан хүчирхийлэлд өртдөг гэр бүлийг хамгаалж, таслан зогсоох вэ.


Миний хүүхдүүд эцэг хүний хайр халамжийг үзэж байгаагүй. Би Г.Угалзцэцэгтэй уулзаж хүүхдүүдийнхээ хувцсыг авмаар байна гэж эмэгтэй хүний хувиар гуйхад гэрлэлтийн баталгаагаа салгах гэж байгаа гээ биз дээ гэх зэргээр надад хэлсэн. Нүүрийг чинь шалзална, түлнэ. Хүчил цацаж, нүдийг чинь ухаж авна гэдэг байсан" гэлээ.


Н.Отгончимэг