ОХУ хоёр талын харилцаанд удаан хугацаанд хуримтлагдсан “цочромтгой” асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор АНУ-тай дипломат шугамаар тогтмол хэлэлцээ хийсээр байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков Известия сонинд ярьжээ.
Рябковын хэлснээр Москва, Вашингтон хоёр тодорхой асуудлуудад харилцан ашигтай гарц хайх үүднээс ажлын түвшний шууд харилцааг үргэлжлүүлж байгаа аж.
“Эдгээр холбоо тогтмол, хэвийн дипломат ажиллагааны хүрээнд явагдаж байна. Дуулиан дэгдээх зүйл огтхон ч биш” хэмээн тэр онцлов.
Тэрбээр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өмнөх удирдлагуудаас хоёр улсын хооронд үүссэн харилцаанд зангилаа болсон асуудлуудын урт жагсаалтыг өвлөн авсан гэдгийг дурьдсан байна.
“Хавар хоёр улсын дипломат багууд хоёр удаагийн уулзалт хийж, консулын болон төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг сайжруулах хэд хэдэн тохиролцоонд хүрсэн. Эхний үед ахиц сайн байсан ч дараа нь явц удааширсан” гэж Рябков хэлэв. Түүний тайлбарласнаар, үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Жо Байдены үеийн хүйтэрсэн харилцаанаас үлдсэн харилцан үл итгэлцлийг үе шаттайгаар бууруулах шаардлага байжээ.
Оросын орлогч сайд цааш нь хоёр тал хэлэлцэх асуудлын жагсаалтын талаар зарим байр суурь зөрдөг нь хэвийн зүйл гэдгийг тэмдэглээд, дипломат суваг нээлттэй хэвээр байгаа нь хоёр улсын харилцаанд эерэг дохио гэж үзэж болохыг илэрхийлсэн байна.
Х.Цэцэн
Эх сурвалж: tass.com
Баасан - 11 сарын 28,
2025

Сэтгэгдэл0