ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /AP/. Мексикийн мансууруулах бодисын зартай наймаачин “Эль Чапо”-гийн хүү Хоакин Гусман Лопес дүү нь хэргээ хүлээснээс хойш хэдэн сарын дараа АНУ-д мансууруулах бодис наймаалсан хэрэгт гэм буруугаа хүлээсэн байна. Мексикт “Чапитос” буюу “бяцхан Чапо нар” гэгддэг Хоакин Гусман Лопес болон түүний дүү Овидио Гусман Лопес нарыг “Синалоа” картелийн бүлэглэлийн ажиллагааг удирдаж байсан гэж буруутгаж байгаа юм. АНУ-ын эрх баригчид 2023 онд Америк руу их хэмжээний фентанил нэвтрүүлэх томоохон ажиллагаа явуулсан хэмээн мэдэгдэж байв.

Хоакин Гусман Лопес мансууруулах бодисын наймаа болон гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан хоёр хэрэгт буруугаа хүлээсэн байна. Түүнийг болон “Синалоа”-гийн өөр нэгэн толгойлогч Исмаэль “Эль Майо” Замбада нарыг 2024 оны долоодугаар сард хувийн онгоцоор АНУ-д газардсаных нь дараа Техас муж улсад баривчилжээ. Тэд өмнө нь мансууруулах бодисын наймааны янз бүрийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэж байлаа. Тэднийг баривчилсан явдал нь Мексикийн хойд нутгийн Синалоа мужид “Синалоа” картелийн хоёр бүлэглэлийн дунд мөргөлдөөн үүсэхэд хүргэжээ.
Гэм буруугаа хүлээх тохиролцооны хүрээнд Хоакин Гусман Лопес АНУ-д жил бүр олон арван мянган хүн хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барахад хүргэсэн их хэмжээний кокаин, героин, метамфетамин, марихуан, фентанилыг үйлдвэрлэх, хууль бусаар хил давуулахад тусалсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ оны долоодугаар сард Овидио Гусман Лопес нь гэм буруугаа хүлээх тохиролцоо хийхийг зөвшөөрсөн Хоакин “Эль Чапо” Гусманы анхны хүү болсон юм. Тэрбээр картелийн ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй нь холбоотой мансууруулах бодисын наймаа, мөнгө угаах, галт зэвсэг хэрэглэсэн хэрэгт буруугаа хүлээжээ. Хууль эрх зүйн мэргэжилтнүүд энэхүү тохиролцоог “Синалоа” картелийн толгойлогчдыг мөрдөн байцаах, яллах ажилд АНУ-ын засгийн газрын гаргасан чухал алхам гэж тодорхойлсон байна. Хоакин “Эль Чапо” Гусман нь АНУ руу 25 жилийн турш кокаин болон бусад мансууруулах бодисыг хууль бусаар хил давуулсан “Синалоа” картелийн толгойлогч байсны хувиар 2019 онд яллагдсанаасаа хойш бүх насаараа хорих ял эдэлж байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 12 сарын 02,
2025

Сэтгэгдэл0