Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, шалгаж хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдүүлсэн байна.
Дээрх гэмт хэргийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Хүннү 2222", "Japan town" хотхонуудад тус бүр байр түрээслэн үйлдэж байсныг газар дээр нь илрүүлэн, цагдаагийн байгууллагаас дайчлан баривчилжээ. Энэхүү гэмт хэргийн гол зохион байгуулагч гэх иргэн Г-д 3 жил 4 сарын хорих ял оноож, 2,1 тэрбум төгрөгийг хурааж улсын орлого болгох, бусад хэргийн холбогдогчид 1,6-2,6 жил хорих ял оноож, 7,0-60,0 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.
Эрүүгийн хуульд зааснаар хууль бус орлогоор худалдан авсан Прадо-150 маркийн автомашин, мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан компьютерууд, 10 ширхэг гар утас зэргийг улсын орлого болгохоор болжээ. Гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогоор өндөр үнэлгээ бүхий орон сууц, автомашин зэргийг худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөн тогтоогдож ийнхүү хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн байна.
Мягмар - 12 сарын 02,
2025

Сэтгэгдэл1
Фэйсбүүкээр покер тоглоомын сурталчилгаанууд маш их гарч байна. Үхэр монголчууд өөрсдөө тоглож мөнгөө луйвардуулахгүй байцгаагаач.