БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн их сүйтгэлт ойн түймэр нүүрлэснийг Европын Ойн түймрийн мэдээллийн албаны /EFFIS/ урьдчилсан тооцоо харуулжээ. Энэ нь түймрийн улирал илүү удаан үргэлжилж, илүү их сүйтгэл учруулдаг болж байгааг гэрчилж байна.
EFFIS-ийн мэдээллээс үзэхэд, тив даяар ойн түймэр дэгдэх нь улам бүр нэмэгдэх болжээ. 2025 оны урьдчилсан тоо баримтаас харахад түймэрт өртсөн нийт талбай нь EFFIS 2006 онд мэдээлэл цуглуулж эхэлснээс хойших бүх бүртгэл тооцооноос давж гарах төлөвтэй байна.
2025 оны урьдчилсан мэдээлэл нь Европын Комиссын Хамтарсан судалгааны төвийн /JRC/ 2024 оны ойн түймрийн тайлангийн дараа гарсан бөгөөд уг тайланд Европт 383 317 га талбай шатаж сүйдсэн гэж бичжээ. Энэ нь 2023 онд сүйдсэн 500 мянган га талбайгаас бага байсан боловч 17 жилийн дунджаас /354 185 га/ их байна. Түүнчлэн 2024 онд нийт 8343 түймэр гарсан нь олон жилийн дунджаас дөрөв дахин олон байна. Болгар, Грек, Итали, Португал, Испани зэрэг Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд хамгийн их хохирол амссан бөгөөд нийтдээ 334 940 га талбай сүйджээ. ЕХ-ны Иргэний хамгааллын механизмын ЕХ-ны гишүүн бус орнуудаас Албани, Босни-Херцеговин, Умард Македон, Турк, Украин улсууд ихээхэн хохирол амссан байна.
EFFIS-ийн мэдээллээр, Европын ойн түймрийн явц хурдацтай өөрчлөгдөж байна. Ойн түймрийн давтамж, эрчим нэмэгдэж байгаа нь түймрийн улирал уртсаж байгаатай зэрэгцсэнээр Европ даяарх гал унтраах албадад урьд өмнө байгаагүй их ачаалал учруулж байна.
ЕХ-ны эрх баригчид гал унтраах чадавхыг бэхжүүлэх нь чухал боловч ойн түймрийн нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдлүүд, сайжруулсан ландшафтын менежмент зэрэг эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нь Европт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 12 сарын 08,
2025

Сэтгэгдэл1
Байгаль экологи, ан амьтадаа үл хайрлаж, үл тоож зөвхөн мөнгө ашиг сонирхол шуналын араас хөөцөлдвөл ийм л үр дагавартай байх болно.