sonin.mn

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /Kyodo/. Японы зүүн хойд нутагт даваа гаргийн орой 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа Цаг уурын агентлагаас Хоккайдогийн эрэг орчмын бүс нутаг, Аомори, Иватэ мужуудад цунамийн аюулаас сэрэмжлүүлж, үүнээс хэдэн цагийн дараа сэрэмжлүүлгийг цуцалжээ. 


Газар хөдлөлт Аомори мужийн Номхон далайн эргээс холгүй 23:15 цагт 54 км-ийн гүнд болсон бөгөөд ойрын хэдэн өдөрт ойролцоох бүс нутагт ижил хүчтэй эсвэл бүр илүү их хүчтэй газар хөдлөх магадлалыг нэмэгдүүллээ гэж Цаг уурын агентлаг мэдээлсэн байна.


Тус агентлаг Хоккайдогийн эрэг орчмын бүс нутаг болон Аоморигоос Иватэ, Мияги мужуудаар дамжин үргэлжилдэг Санрикү эрэгт ийм сэрэмжлүүлэг гаргаж буй анхны тохиолдол болж байна. Засгийн газар шаардлагатай тохиролдолд нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхын тулд онцгой байдлын үед ашиглах тусламжийн хэрэгслүүдийг ойр байлгахыг оршин суугчдад уриалжээ. Газар хөдлөлт Хоккайдо болон Японы зүүн хойд нутгийн эрэг орчмын дагуух хэсэгт болсон бөгөөд Засгийн газар Хоншю гол арлын доогуур Номхон далайн хавтан шилжин орсноос үүдэн хүчтэй газар хөдөлж болзошгүйг анхааруулж байна гэж тус агентлаг мэдээлсэн байна. 2011 онд мөн Японы зүүн хойд хэсэгт 9.0 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 20 мянга орчим хүн амиа алдаж, 2500 гаруй хүн сураггүй болж байсан билээ. Энэ гамшиг Фүкүшимагийн цөмийн ослын шалтгаан болсон юм.


Газар хөдлөлтийн дараа 3 хүртэлх м цунами үүсэж болзошгүйг анхааруулсан байна. Иватэ мужид бүртгэгдсэн хамгийн өндөр давлагааны хэмжээ 70 орчим см хүрсэн байна. Газар хөдөлснөөс хойш гурван цаг хагасын дараа цунамийн сэрэмжүүлгийг зөвлөмжийн түвшинд болгон бууруулжээ.


Улмаар өнөө өглөөний 6:20 цагт цуцалсан байна. Цаг уурын агентлагийн мэргэжилтнүүд долоо хоногийн дотор 8 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөх магадлал 100-д ​​нэг хэмээн тооцоолж байна. Гэхдээ ийм сэрэмжлүүлэг хүчин төгөлдөр байгаа хэдий ч эрх баригчид олон нийтийг нүүлгэн шилжүүлэхийг уриалаагүй байна. Ерөнхий сайд Такаичи Санаэ сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, ирэх долоо хоногт эрх баригчдын гаргах мэдээлэлд анхаарал хандуулж, газар хөдлөлтийн чичирхийллийг мэдэрсэн даруйд нүүхэд бэлэн байхыг олон нийтэд уриалжээ.


Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү, Батлан ​​​​хамгаалахын сайд Койзүми Шинжиро нар газар хөдлөлтийн үед авах засгийн газрын бүх хариу арга хэмжээний талаар сэтгүүлчдэд тус тусдаа мэдээлэл өгч, аврах ажиллагаанд онцгой анхаарал хандуулж байгаагаа мэдэгдсэн байна. 


Аомори, Хоккайдод 10 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл ирсэн бөгөөд Хоккайдогийн Хидака хотод нэг хүн хүнд гэмтжээ. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Аомори мужийн засаг захиргаанаас мэдээлснээр, 2700 орчим айл цахилгаангүй болжээ. Хоккайдо болон зүүн хойд нутгийн Аомори, Мияги, Фүкүшима мужуудын атомын цахилгаан станцуудад ямар нэгэн хэвийн бус нөхцөл байдал бүртгэгдээгүй байна. Засгийн газар мөн Аомори мужийн Номхон далайн эргийн тосгон болох Роккашо дахь цөмийн түлш боловсруулах үйлдвэрт хэвийн бус байдал ажиглагдаагүйг баталжээ. Фүкүшима болон Шин-Аомори өртөөнүүдийн хооронд хурдны галт тэрэгний үйлчилгээ зогссон гэж “JR East” оператор компани мэдэгдсэн байна. Түүнчлэн 94 зорчигч тээвэрлэж явсан хурдны галт тэрэг Аоморид түр зуур гацжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг