БУЭНОС-АЙРЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод нохой тэжээдэг хүмүүс нэг дор хамгийн олон голден ретривер үүлдрийн нохойг цуглуулсан албан бус дэлхийн дээд амжилтыг эвдэхээр цэцэрлэгт хүрээлэнд цугларчээ.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагч Фаусто Дуперре 2000 гаруй голден ретривер үүлдрийн нохойг “Палермо” цэцэрлэгт хүрээлэнд нэг дор цуглуулж, өмнөх дээд амжилтыг /1685/ шинэчлэхийг зорьсон байна.
“Бид түүхэн үйл явдлын гэрч болж байна” гэж нийгмийн сүлжээнд голден ретривер нохой тэжээгчдийн инфлюнсер болоод буй Ф.Дуперре хэлжээ. Тэрбээр 10 настай Оли нэртэй голден ретривер нохойныхоо талаар тогтмол нийтлэл оруулдаг байна.
“Голдены давлагаа” хэмээн нэрлэсэн нийгмийн сүлжээн дэх энэхүү санаачилга нь нийслэлийн “Боскес де Палермо” цэцэрлэгт хүрээлэнг ийм үүлдрийн нохойнууд болон тэдний эздээр дүүрсэн баяр хөөртэй үйл ажиллагаа болжээ.

“Биднийг бага балчир байхаас эхлээд л манай гэр бүлийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Бид түүнтэй хамт амралтаа өнгөрүүлж, бүх зүйлийг хамтдаа хийсээр ирсэн” гэж Николас Ореллана хэллээ.
Тэд уг арга хэмжээнд оролцохоор Буэнос-Айрес мужийн төрөлх хотоосоо нэг цаг хагасын турш машинаар зорчиж иржээ. “Энэ бол онцгой харилцаа холбоо үүсгэдэг гэдгээрээ алдартай нохойн үүлдэр юм” гэж тэрбээр 13 настай Луна нохойгоо илэн сууж байхдаа ярилаа.
Өнгөрсөн онд Канадын Ванкувер хотод 1685 голден ретривер нохой цугларснаар дээд амжилт тогтоож байлаа. Харин Ф.Дуперрегийн хэлснээр, Аргентинд 2397 нохой цугласнаар дээд амжилтыг эвдэж чадсан байна. “Би үнэхээр баяртай байна, жаргалтай, бахархалтай, догдолсон, баярласан мэдрэмжүүд нэгэн зэрэг төрж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 12 сарын 10,
2025

Сэтгэгдэл0