Иргэд олон нийттэй харилцах “11-11” төвд тусгай шугам нээж, гаалийн ажилтнуудын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл авах үйл явц үргэлжилсээр байна.
ЗГХЭГ иргэдээс ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж, судалж шийдвэрлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Тодруулбал:
“Нэр бүхий компанийн импортын хүнсний бүтээгдэхүүнийг сүүлийн таван жилийн турш шинжилгээгүйгээр гаалиар оруулж ирж байна. Албан тушаалаа ашиглан, ёс зүйгүй үйлдэл гаргаж буй гаалийн байцаагчийн хамаарал бүхий этгээд нь гаалийн бүрдүүлэлтийг хууль бусаар хийдэг. Нэг гэр бүлийн ашиг сонирхол нийтийн эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй байна” гэх агуулгатай гомдлыг нэр бүхий иргэн мэдээлжээ.
Мөн төлбөрийн баримт байхгүй гэж иргэнийг хууран мэхэлж, оруулж ирсэн бараанд нь өндөр үнэлгээ тогтоосон, иргэн, аж ахуйн нэгжид үйлчлэхдээ хүнд суртал гаргадаг нэр бүхий гаалийн байцаагчийг сэлгэх зэрэг мэдээллүүдийг иргэдийн зүгээс ирүүлжээ.
Тусгай шугам нээснээс хойш иргэдээс ирүүлсэн мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт өдөрт нь хүргүүлж, дүн шинжилгээ хийлгэж байна. Улмаар тодорхой хэмжээний баримт бүхий зарим мэдээллийг нарийвчлан нягталж, хуулийн байгууллагад шилжүүлэхээр зэхэж байна.
Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан.
Энэ хүрээнд гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлига, албан тушаалын ноцтой хэргүүд илрээд буй.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.12.05/ Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хот дахь Гаалийн газарт ажиллаж, гаалийн байгууллагад эрс шинэчлэл хийх, албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулах, хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл гаргасан албан хаагчид шуурхай хариуцлага тооцох дүгнэлт гаргах зэрэг үүрэг өгсөн юм.
Пүрэв - 12 сарын 11,
2025

Сэтгэгдэл2
Dear Mongols: Reform and modernization of institutions. Legislative branch is working for thieves by legalizing all sorts of wrongdoing.Remove all of them.Kleptocrats are enemies of the people. Sincerely Iron Leader the Great
Татварынхныг хэзээ шалгах вэ? Ногоон Чойжоо,Сэлдий Дэлгэрсайхан нар маш олон татварын байцаагчид байр бэлэглэдэг гэдэг,.Ямар учраас байр бэлэглэдэг юм бэ?