Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон шүүгч 30 хоногийн дотор хамт олон болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийн өмнө “...Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая.
Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэж Төрийн сүлдэнд тангараг өргөдөг. Ерөөс, шүүгч хүн хуулийн хүрээнд, хэн нэгний нөлөөгүйгээр, өөрийн итгэл үнэмшлээр аливаа хэрэгт шийдвэр гаргана.
Энэ бол шүүхийн хараат бус байдал бөгөөд шүүхэд итгэх итгэлийн амин сүнс нь гэдэг. Харин тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ өөрийнхөө хувийн эрх ашгаар хандвал тэр нь шүүгчийн үйлдсэн гэмт хэрэг болно. Сүүлийн жилүүдэд “...Шүүхэд итгэх итгэл үгүй боллоо”, “...Шүүхийн нэр хүнд унаж байна” гэж их яригдах болсон. Гэтэл шүүхийн бусдын итгэлийг олох байдал, нэр хүндээ өндөрт өргөж явахын эсрэг шүүгчид өөрсдөө “ажилладаг” болох нь олон жишээ баримтаас харагддаг. Гэхдээ хэн нэг шүүгчид гомдсон, шүүгчээс болж хохирсон иргэд шүүхэд хандахаас аль болох зайлсхийдэг байна. Учир нь “...Шүүх шүүгчээ хамгаална” гэж үздэг байгаа юм. Тиймээс Шүүхийн сахилгын хороонд хандах нь ихэсжээ. Тодруулбал, УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хууль 2021 оны гуравдугаар сарын 1-нээс өдрөөс хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Тус хуульд шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоосон байдаг. Шүүхийн сахилгын хороо нь үйл ажиллагаагаа хуралдаан хэлбэрээр явуулдаг.
Хуралдаанаас захирамж, тогтоол, магадлал гаргадаг. Цаашилбал, шүүгчтэй холбоотой сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь сахилгын зөрчлийн тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэх, гомдол, эсэргүүцэл гаргах, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бүрдэнэ. Гэвч, Шүүхийн сахилгын хороо нь нэг талаар шүүгчийг Эрүүгийн хуулиар асуудлаа шийдвэрлүүлэхийн өмнөх “шат” гэхэд болно. Өөрөөр хэлбэл, олон нийтэд тэр бүр мэдээлдэггүй болохоос биш Шүүхийн сахилгын хорооны шийдвэрээр шүүгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд дарагдаж өнгөрдөг байх магадлалтай.
Гэхдээ л Шүүхийн сахилгын хороо тэдгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн ганц найддаг газар нь болжээ. Эдгээрийг нуршихын учир нь, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадартай холбоотой асуудлууд Шүүхийн сахилгын хороонд хүргэгдэж, тус хороогоор шүүлгэхээр болоод байна.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, тус сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2017 оноос Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж эхэлжээ. Түүнээс өмнө МУИС-ийн Хууль зүйн сургуульд гэрээт, цагийн багшаар ажиллаж байжээ. Үндсэндээ, Л.Галбадар нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд найман жил ажиллаж байгаа юм байна. Харин энэ хугацаанд, ялангуяа сүүлийн жилүүдэд өөрт хуваарилагдсан хэргийн оролцогчдод ямар нэг байдлаар “ойлголт” өгч, шүүгчийн тангараг зөрчсөн байж болзошгүй үйлдлүүдийг үүнд өртсөн нэр бүхий иргэд цуглуулж эхэлсэн байна. Тэд “...Шүүгч Л.Галбадар нь өөр дээрээ очсон хэргийн сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьдог. Өмгөөлөгчийг сонгож өгдөг. Тэгж байгаад тангаргийнхаа эсрэг үйлдэл хийдэг” гэсэн юм. Тэд мөн “...Удахгүй олон тооны баримт бүхий мэдээллийг Шүүхийн сахилгын хороонд гаргаж, хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэнэ. Одоогоор бидэнтэй адилхан байдалд орсон хүмүүсийг эрж олоод баримт нотолгоог бүрдүүлж байна” гэв.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 12 сарын 17,
2025

Сэтгэгдэл5
Сургаар хүнийг үнэлж,залуу хүний урмыг хугалж болохгүй ээ.
хорьж цагдаж, өндөр ял өгөхөөр шударга шүүх болдог юм биш. Харин ч хэргийг олон талаас нь дүгнэж цэгнэж хүний эрх, хувь заяаг харгалзаж үздэг, дээдэлдэг энэрэнгүй шүүх л хамгийн шударга шүүх!!!
Яг үнэн
Зоригийг алсан гэж хилс хэрэгт гүтгэгдэн аймшигтайгаар яргалуулж алуулсан Дамирангийн Энхбатын гэр бүл хүүхдүүдийг Монголд авчирч шударга ёсыг Хүрэлсүхээс шаардуулцгаая
Яргалсан пиздануудыг нь тэгээд нэрлээч. Хүрэлээс биш Америкд "тосонд умбаж торгонд хөлбөрч" байгаа тарвагыг авчирч өөрийх нь тосонд живүүлж түүнээс шаардах хэрэгтэй.