sonin.mn

Хятад–Оросын хэвлэл мэдээллийн VI форум 16-нд Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулах яамны сайд Ли Шүлэй оролцож, үндсэн илтгэл тавьжээ.


Оролцогчид Ши Жиньпин дарга болон Владимир Путин Ерөнхийлөгчийн стратегийн удирдлага дор Хятад–Оросын харилцаа тогтвортой, эрүүл, өндөр түвшинд хөгжиж, шинэ төрлийн олон улсын харилцаа, хөрш гүрнүүдийн харилцааны үлгэр жишээ болж байгааг онцоллоо. Энэ оны 5-р сард хоёр улсын төрийн тэргүүнүүд Хятад–Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг цаашид гүнзгийрүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг тодорхой тусгасан байна. Хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн тэргүүнүүдийн хүрсэн чухал ойлголцлуудыг бүрэн хэрэгжүүлж, Хятад–Оросын найрамдлын ерөнхий чиглэлийг тууштай баримтлан, хоёр орны хамтын хөгжлийг дэмжих эерэг мэдээллийн орчныг бүрдүүлэх ёстой гэдгийг тэмдэглэв.


Мөн оролцогчид хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд Хятадын “15-р таван жил”-ийн төлөвлөгөө болон Оросын эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийг уялдуулах зэрэг чухал сэдвүүдэд төвлөрч, салбар бүрийн харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүнг гүнзгий сурвалжлах; Ард иргэдийн сэтгэл зүрхийг холбосон гүүрийг бэхжүүлж, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах үйл явцыг ахиулах; Дижитал, оюунжсан өөрчлөлтийн сорилтуудад хамтран хариу өгч, мэдээлэл түгээх чадавх, нөлөөллийг хамтад нь дээшлүүлэх шаардлагатайг илэрхийллээ.


Эл Форумыг ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яам болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын удирдлага дор Шиньхуа агентлаг болон ТАСС агентлаг хамтран зохион байгуулжээ. Форумын сэдэв нь “Хятад–Оросын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ ирээдүйг нээе: Зөвшилцөл ба үйл ажиллагаа” байсан бөгөөд хоёр орны холбогдох байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага зэрэг 140 орчим төлөөлөгч оролцлоо. Арга хэмжээний үеэр Хятад–Оросын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зуржээ