12 дугаар сарын 15-нд Иорданы хаан Абдулла II Амман хотноо ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзлаа.
Хаан Абдулла II хэлэхдээ, Иордан улс Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй тогтоосон найрсаг, итгэлцсэн харилцааг нандигнан хадгалж ирлээ. Цаашид Хятадын талтай дээд түвшний харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудлаар нягт уялдаа холбоотой ажиллаж, өнөөгийн ээдрээтэй, тогтворгүй олон улсын нөхцөл байдалд хамтран хариу арга хэмжээ авах хүсэлтэй байна. Мөн ирэх онд БНХАУ-д зохион байгуулагдах Хятад–Арабын орнуудын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг Иордан улс идэвхтэй дэмжиж, уг уулзалтыг Хятад–Арабын харилцааг гүнзгийрүүлэх чухал боломж болгохыг хүсэж байна гэв.
Ван И хэлэхдээ, хоёр орны төрийн тэргүүнүүдийн стратегийн удирдлагын дор Хятад–Иорданы стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой, эрүүл хөгжиж ирлээ. Энэ жил хоёр улс стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд, Хятад улс Иорданы талтай хамтран ирэх арван жилийн хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлоход бэлэн байна. Хятад улс том, жижиг бүх улсыг адил тэгш хүндэтгэх зарчмаа тууштай баримталж, жижиг, дунд орнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг дэмжин, цаашид ч Иорданы хамгийн найдвартай стратегийн түнш хэвээр байх болно.
Талууд мөн Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар санал бодлоо гүнзгий солилцжээ.
Мөн өдөр Ван И Иорданы Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Айман Сафадитай албан ёсны хэлэлцээ хийв. Ван И Хятад улс Иорданы үндэсний бүрэн эрх, бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжиж, худалдаа, хөрөнгө оруулалт, шинэ эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг шинэ салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэн, Хятад–Иорданы харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байгааг илэрхийллээ.
Айман Сафади Иордан улс “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримталж, Хятадтай бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн халуун цэгийн асуудлаар харилцан ойлголцол, зохицуулалтыг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Даваа - 12 сарын 22,
2025

Сэтгэгдэл0