sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /DW/. Америкийн “Warner Bros. Discovery” компани лхагва гарагт хувьцаа эзэмшигчдэдээ хандан “Paramount”-аас тавьсан худалдаж авах саналаас татгалзаж, оронд нь “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгожээ. “Warner Bros.”-ын мэдээлснээр, “Netflix” тус компанийг худалдан авах нь компанийн ашиг сонирхол хийгээд үзэгчдэд илүү ашиг тустай ажээ.


“Warner Bros.”-оос хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидалдаа “Paramount”-ын саналыг “тааруухан” гэж тодорхойлоод, зээлсэн хөрөнгөөс хамааралтайг нь харгалзан үзвэл “ихээхэн эрсдэл, зардал” багтсан гэдгийг дурджээ. 


Харин “Netflix”-ийн саналын ард 400 тэрбум гаруй ам.долларын /340 тэрбум евро/ хөрөнгөтэй стриминг үйлчилгээний салбарт тэргүүлэгч компани байгаа юм. “Netflix”-тэй нэгдэх нь хувьцаа эзэмшигчдийн хувьд илүү сайн, илүү тодорхой үнэ цэнийг илэрхийлнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэж “Warner Bros.” мэдэгджээ. “Warner Bros.” компани нь “Netflix”-ийн бэлэн мөнгө болон хувьцаа багтсан 72 тэрбум ам.долларын саналыг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр “Netflix” нь кино студиуд болон HBO-ийн каталогийг худалдаж авах юм.


“Warner Bros.”-ын хувьцаа эзэмшигчид уг саналд хариу өгөхөд нэгдүгээр сарын 8 хүртэл хугацаа бий. Түүнчлэн компанийн удирдах зөвлөл гадаадын хөрөнгө оруулагчид мөн байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж байна. 


Гэхдээ аль ч саналыг хүлээн авснаас үл хамааран АНУ-ын зохицуулах байгууллагын зөвшөөрөл мөн шаардлагатай юм. “Paramount” компанийн хувьд өөрсдийнх нь тавьсан санал эрх баригчдын зөвшөөрлийг авахад илүү хялбар байх магадлалтай гэж үзэж байна. Харин шүүмжлэгчдийн зүгээс “Warner Bros.”-ыг “Netflix” худалдан авах нь стриминг компанийг зах зээлд илт ноёрхоход хүргэнэ гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн үүнийг дэмжиж, ийм хэлэлцээр нь “асуудал үүсгэж болзошгүй” гэж мэдэгдээд байна. 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг