sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон Венесуэлд АНУ-аас хууль бусаар булаан авсан гэж үзэж буй газрын тосны эрхээ буцаан авах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.


“Та нар санаж байгаа, тэд манай бүх эрчим хүчний эрхийг авсан. Удалгүй манай бүх нефтийг авчихсан, бид түүнийг буцааж авахыг хүсэж байна. Гэхдээ тэд үүнийг авсан, хууль бусаар авсан” хэмээн Трамп Эндрюсийн нэгдсэн цэргийн баазад сэтгүүлчдэд ярьжээ.


Тэрбээр үүнээс өмнө Truth Social цахим хуудсандаа Венесуэл “Өмнөд Америкийн түүхэнд байгаагүй хамгийн том тэнгисийн цэргийн флотын хүрээнд бүрэн бүслэгдсэн” бөгөөд Каракас АНУ-аас “хулгайлсан” нефть болон бусад хөрөнгийг буцаан өгөх хүртэл энэ бүслэлт улам тэлж, “өмнө нь хэзээ ч харж байгаагүй” хэмжээнд хүрнэ хэмээн бичсэн байна.


Вашингтон Венесуэлийг хар тамхины хууль бус наймаатай тэмцэхэд хангалттай арга хэмжээ авч чадахгүй байна гэж буруутгаж ирсэн. The New York Times сонинд мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд Тагнуулын төв газрын (CIA) нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн аж. Мөн АНУ-ын хэвлэлүүдэд дурдсанаар, Вашингтон ойрын хугацаанд Венесуэл дэх хар тамхины картелуудын эсрэг цохилт өгөх боломжийг судалж байна.


Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард The New York Times Трамп Латин Америкийн хар тамхины картелуудын эсрэг цэргийн хүч хэрэглэхийг зөвшөөрсөн нууц тушаалд гарын үсэг зурсан талаар мэдээлсэн. Үүний дараа АНУ Карибын тэнгисийн бүс нутагт нэмэлт цэргийн хүч байршуулж, АНУ-ын Засгийн газар хар тамхи тээвэрлэж байсан хэмээн үзсэн завь, хөлгүүдийн эсрэг Карибын тэнгис болон Номхон далайн зүүн хэсэгт агаарын цохилт өгч эхэлжээ.

Харин арваннэгдүгээр сард АНУ-ын Батлан хамгаалах яам “Жеральд Р. Форд” нисэх онгоц тээгчээр ахлуулсан АНУ-ын тэнгисийн цэргийн цохилтын бүлэг хар тамхины наймаатай тэмцэх зорилгоор АНУ-ын Өмнөд командлалын хариуцсан бүсэд нэвтэрсэн гэж мэдэгдсэн байна.



Н.Отгончимэг


Эх сурвалж: tass.com