“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор эрчим хүчний инженер Д.Тэнгисийг урьж, агаарын бохирдлыг бууруулах арга замын талаар ярилцлаа.
Түлш хэрэглэвэл агаарын бохирдол үүсэх нь тодорхой
-Монгол Улсад халаалтыг төвлөрсөн дулаан хангамж болон малтмал түлшээр шийдэж байна. Мөн зарим өрхүүд хий, цахилгаан халаагуур ашигладаг. Бид сүүлийн 20 гаруй жил агаарын бохиролтой тэмцэж, эрүүл мэндээрээ хохирч байна. Монгол Улсын агаарын бохирдол нь үндсэндээ түлшний хэрэглээ болон байгаль цаг уурын онцлогтой холбоотой юм.
Тодруулбал, өвлийн улирал эхлэхээр Байгаль далай дээр төвтэй Сибирийн хүйтэн агаарын даралт цагийн зүүний эсрэг эргүүлэгтэйгээр дээрээс буудаг. Ингэхээр газарт байгаа агаарыг дарж, шахаж халаах бөгөөд шөнөдөө хөрс хөрөөд эхлэхээр тэр агаарын доогуур хүйтэн агаар үүсдэг.
Тодруулбал, хүйтэн, дулаан, сэрүүн гэсэн гуравласан давхарга үүснэ. Харин утаа нь халуун хий тул тодорхой хэмжээнд хүртэл хөөрөөд дулаан агаарын давхаргад хүрээд түүнийг нэвтэлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, утаа нь бага дулаантай тул өөрөөсөө илүү дулаантай агаарын давхаргыг нэвтэлж чаддаггүй. Ингэхээр хотын дээр юмаар тагласан мэт агаарын бохирдол хуримтлагддаг. Энэхүү инверсийн давхарга нь манай улсыг бүхэлд нь хамардаг болохоор хүн амын төвлөрөл ихтэй газар малтмал түлш хэрэглэвэл агаарын бохирдол үүсэх нь тодорхой. Түүнчлэн өдөр шахагдсан дулаан агаарын доогуур шөнөдөө их хэмжээний хүйтэн агаар газрын хөрснөөс дэгдэж, мөн уулын оройн агаар бэл рүүгээ ууршихаар дулаан агаарын давхаргыг дээш нь хөөргөөд инверсийн давхаргын зузаан нь нэмэгддэг. Инверсийн давхарга нь хамгийн сүүлийн мөстлөгийн үеэс үүссэн байгалийн үзэгдэл бөгөөд үүнийг задална гэдэг хүний хүчин чадлаас хэтэрсэн зүйл болно.
Өнөөгийн XXI зуунд түлш хэрэглэхгүйгээр дулаанаа шийдэх технологийн шийдлүүд бүрэн бий бөгөөд энэ нь эрчим хүчний зохистой хэрэглээ, үр ашигтай байдал дээр очдог. Гэвч бид өдгөө түүхий түлшнээс шахмал, шахмалаас хагас коксон, газ гэхчлэн хэрэглээнээс хэрэглээ рүү шилжсэн байдалтай байна.
Түүхий нүүрснээс дөрөв дахин бага хагас коксон түлш түлнэ гэж байгаа боловч нөгөөтэйгөөр эрчим хүчний агууламж нь дөрөв дахин их байгаа тул бага түлш түлж чадаж байгаа. Эрчим хүчний хэрэглээ гэдэг хүн амтайгаа тогтмол уялдаатай байдаг бөгөөд үүнийг бууруулж, хэмнэлтээс хэмнэлт рүү гэдэг заримыг баримталж агаарын бохирдолтой тэмцэх тогтолцоо зөв чиглэлдээ орно.
Нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх боломжтой

-Хэмнэлтээс хэмнэлт буюу зохистой хэрэглээ гэхээр гэрийн температурыг байнга өндөр барих шаардлагатай юу. Түүнчлэн орон сууц, монгол гэр, байшинд дулаан алдагдал их байна. Тухайлбал, ЮНИСЕФ-ын “XXI зууны гэр” судалгаанд монгол гэр нэг цагт 50-180 хувийн дулаан агаараа алддаг гэж бий. Түүнчлэн амины сууцууд янз бүрийн технологиор баригдсан байдаг тул дулаан алдагдлыг нь тооцох стандарт тогтооход хэцүү. Харин монгол гэр дөрөв, таван ханатай гээд хийц адил тул стандарт тогтооход амархан бөгөөд шаардагдах материалын зардал бас харьцангуй бага. Ингээд дулаалга дээр анхаарснаар зохисгүй хэрэглээгээ багасгах боломжтой. Түүнчлэн дулааны цахилгаан станцаас татсан цахилгаан халаагуурыг гэр хороололд хэрэглэснээс илүүтэй “агаар агаарын насос”-ыг ашиглах нь том зургаараа илүү үр ашигтай байдаг.
Тодруулбал, үйлдвэрлэсэн цахилгааныг нэг төрлийн шахуургад оруулаад агаар дахь дулааныг ялгаж гэр лүү шахдаг. Энэ нь цахилгаанаас дулаан үйлдвэрлэх бус цахилгаанаар ажилласан шахуурга байгалийн бэлэн дулааныг гэр лүү оруулдаг тул эрчим хүчний хэмнэлттэй.
Онолын хувьд цахилгаан халаагуураас 70 хувь бага цахилгаан зарцуулдаг. Цахилгаан халаагуур ашиглаж байгаа айлуудад хүчдэлийн түвшин нэрлэсэн утгадаа хүрэхгүй унах, чадлын хязгаарлалт хийгээд тог тасрах, ухаалга тоолуур тавьснаар хэрэглээ өндөр үед автоматаар тоолуур таслах, үнэ төлбөр их гарч, тоолуурын утгыг яаж хэмжиж байгааг хүмүүс мэддэггүй. Харин иргэд халаагуур ашиглаж байж ямар асуудал байгааг мэдэж, түүнийгээ засах эхлэл тавигдана гэж бодож байна. Хэрэв болохгүй гэх бүх шалтгааныг жагсаагаад харвал нүүрсээ түлхээс өөр аргагүй мэт харагдаж магадгүй боловч үүнийг шийдэх боломжтой.
Хүчдэлийн түвшнийг түгээх хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид хандана. Харин хэрэглэгчид өөрсдийнхөө хэрэглээнд анхаарах хэрэгтэй. Одоо суурилуулж байгаа ухаалаг тоолуур нь есөн квт-аас дээш чадал хэрэглэж байгаа үед автоматаар салж байна.
Айл өрхийн хэрэглээнд есөн квт гэдэг тун их хэрэглээ тул юу хэрэглээд байна вэ гэдгээ хүмүүс өөрсдөө бодолцох хэрэгтэй болов уу. Үнэ тариф бол цаашдаа нэмэгдээд явах нь зах зээлийн зарчмаараа ойлгомжтой хэвийн үзэгдэл. Тиймээс иргэд үүнд бэлэн байж зохистой хэрэглээ гэдэгт анхаарна. Нөгөө талдаа бас нар, салхины тархмал эх үүсвэр суурилуулж, өөрсдөө цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Ялангуяа манай оронд нарны тусгал сайн болохлоор нарны эх үүсвэр маш ашигтай хөрөнгө оруулалтын хувилбар болно.
Тухайлбал, нэг квт чадлаас жилд 1500 квт цаг эрчим хүч үйлдвэрлэж болно гэдэг ерөнхий статистик бий. Үүгээр бодоод үзэхэд зах зээл дээр байгаа таван квт чадалтай батарейгүй жижигхэн нарны систем нь дөрвөөс таван жилд өртгөө нөхөх их ашигтай хөрөнгө оруулалтын хувилбар болсон.
Ингээд хүн өөрөө цахилгаанаа үйлдвэрлэхээр үнийн шок өсөлтийг мэдрэх нь харьцангуй багасна. Цаашлаад тэндээсээ орлого олох боломжтой. Гэвч энэ боломж хязгаарлагдмал бөгөөд тухайн системд сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэх боломжит хэмжээ гэж бий бөгөөд үүнийг оновчтой хуваарилж, агаарын бохирдолтой тэмцэж цахилгаан халаагуур ашиглаж байгаа өрхүүдийг дэмжиж, үнийн шокоос сэргийлэхэд яаж зориулах вэ гэдэгт анхаарах нь чухал билээ. Тархмал эх үүсвэр мэдэгдэхүйц суурилагдаагүй болохоор хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байгаа ч бодлогоор урьдчилан харж байх нь зөв юм.
Дулаан шийдэх аргуудад санхүүжилт нэмж, зээлийн хүүг багасгах хэрэгтэй
-Монгол Улсын эрчим хүчний чадал хомсдож, оргил ачааллын цагаар хязгаарлалт хийж байгаа нь үнэн хэдий ч таваас арван жилийн хугацаанд шийдэгдэх мэдээллүүд гарч байна. Тодруулбал, Бөөрөлжүүт болон Баянгийн цахилгаан станцын төсөл эхэлчихсэн байгаа бөгөөд энэ нь хэр амжилттай хэрэгжихээс хамаарч манай одоогийн хэрэглээний 50 хувийг дотоодоосоо үйлдвэрлэнэ. Гэвч гэр хороололд цахилгаан халаагуур төдийлөн ашиглаад байгаа зүйл ховор байна.
“Эмзэг бүлгийн өрхийн цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” гээд UNDP-гээс 2025 онд гаргасан судалгаа бий. Монгол орны хэмжээнд гэр хороололд амьдарч байгаа 1500 өрхийг түүвэр маягаар авч судлахад 4,5% нь нүүрс түлдэг байж байгаад цахилгаан халаагуур ашигладаг болсон гэж хариулсан байна.
Энэ бол маш бага тоо юм. Ингээд бид халаагуур ашигласнаас болоод цахилгааны үнэ өндөр гараад эсвэл халаагуур ашигласнаас болоод чадлын хязгаарлалт хийгээд байгаа юм байхгүй гэж бодож байна. Түүнчлэн бид бодит байдалтайгаа нүүр тулах хэрэгтэй байгаа юм. Нүүрс түлэх нь бусад халаалтын хувилбаруудаас илүү хямдхан байгаа мэт боловч 80 гаруй хувь нь татаастай иргэдэд олгогдож байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тодруулбал, Засгийн газраас үнийн дүнгийн 80 гаруй хувийг хөнгөлөөд үлдсэн хувийг нь иргэд халааснаасаа гаргаж байгаа хэлбэр юм. Санхүүжилтийг буруу газар, оновчтой бус гал намжаасан аргыг олон жил хэрэглээд асуудлаа шийдэж чадахгүй байна. Нийслэлээс энэ өвөл 306 мянган тонн хагас коксон нүүрс худалдаж тендер зарлаад 296 тэрбумын төсөв гэдэг мэдээлэл тавигдсан байсан.
Энэ 306 мянгын тонн тутамд 1.1 сая төгрөгийн өртөгтэй түлшийг 900 мянган төгрөгийн татаастай иргэдэд хүрч байна. Яагаад санхүүжилтийн оновчтой бус энэ аргыг хэрэглэж, татаастай өгөв гэхээр Монгол Улсын хүн амын 30 хувь нь ядууралтай, дараагийн 30 хувь нь ядуурал руу ороход ойрхон байна.
Гэвч энэ байдал үргэлжилсээр байвал хэрэглээг дэмжиж, улам зардалтай аргаар тун удаанаар агаарын бохирдолтой тэмцэх болчхоод байна. Хагас коксон нүүрс түлээд агаарын бохирдол буурч байгаа нь үнэн. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байхад агаарт хэмжигдэж байсан нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ хоёр дахин буурсан. Хэрэв татаасгүй бодит үнээр нь иргэдэд нийлүүлбэл хэрэглэгчид хэрэглээгээ багасгах дээр анхаарч эхэлнэ. Нүүрсний бодит үнийг цахилгааны үнэтэйгээ харьцуулж, цахилгаан халаагуураа яаж ашиглавал оновчтой байх уу, дулаалга хэрэглэе гэж бодсон ч санхүүжилт болон технологийн мэдлэг дээр очоод гацна.
Ипотекийн зээлийн 37 хувь нь гэр хорооллын айлуудыг орон сууцад ороход зориулагдаж байна
-Бодит байдал дээр гэрээ дулаалъя, цахилгаан халаагуур тавья гэхээр дэмждэг зээл, боломж хомс байна. “Ногоон зээл” нь арилжааны банкнуудад 15-18 хувийн хүүтэй буюу энгийн зээлээс бараг ялгаагүйн дээр олж авахад хэцүү байна. Агаарын бохирдлыг бууруулахад стандарт гаргахад амархан монгол гэрийн дулаалгад санхүүжилт олгох нь зөв гэж харж байгаа.
Байшин, гэр хоёрын аль нь илүү түлш зарцуулж байгааг тоон утгаар гаргасан судалгаа байхгүй ч ерөнхий байдлаар харахад 50, 50 хувь эзэлж байгаа тул илүү хямд өртөгтэй 50 хувиа дулаалбал илүү оновчтой шийдэл болох болов уу.
Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн 37 хувь нь гэр хорооллын айлуудыг орон сууцад ороход зориулагдаж, 5.8 их наядын зээл олгосон байгаа юм. Ингэхээр гэр хорооллыг орон сууцжуулж агаарын бохирдолтой тэмцье гэдэг арга нь энэ хугацаанд 37 хувьд нь хүрчээ. Харин үлдсэн хувь нь байранд амьдарч байгаад урьдчилгаагаа бэлдээд тусдаа гарсан байна. Тэгвэл гэр хорооллын айлууд хүүхдээ тусдаа гарахаар нь хашаандаа гэр бариад өгдөг. Ингэж тусдаа гарч байгаа хүмүүст ипотек шиг агаар орчин, хөрсний бохирдол үүсгэхгүй байх нөхцөлөөр дэмжих ипотек шиг бага хүүтэй зээл олгох нь оновчтой гэж харж байна.
Богино хугацаанд үр дүнтэй ажил өрнүүлэх бодлогын нэг хэлбэр нь гэрийн дулаалга, гэрээс утаа гарахгүй байх чиглэлд олгох санхүүжилтийг нэмж, ногоон зээлийг яаж хүртээмжтэй, зээлийн хүүг бага болгох уу гэдэгт анхаарах хэрэгтэй байна.
УИХ-ын 53 дугаар тогтоолоор агаарын бохирдолтой холбоотой сонсгол болсны дараа гэр байшингийн дулаалгын стандартыг гаргах чиглэл өгсөн. Тэгэхээр гэр, байшингийн дулаалгын стандарт, дулаан алдагдлыг хэдээр барих ёстой юм гэдэг зүйлс гарч, материалын чанар, дулаан нэвчүүлэгчийн коэффициент нь ямар байх ёстой юм гэдэг зүйлс тусгагдана. Одоогоор цогц хийгдсэн судалгаа алга. Гэхдээ гэрийн дулаалгын багцууд янз янзаар зах зээл дээр борлуулагдаад эхэлчихсэн байна. Энэ нь хэмнэлт үүсгэх учраас эдийн засагт ашигтай бөгөөд хүмүүс тав тухтай байдлаа бодож худалдан авалт хийх бөгөөд бизнес эрхлэгчид мөн энэ боломжийг харсан байна.
Бодлогоо сайн тодорхойлсон ч хэрэгжилт дээрээ алдаад байна
-Зуухны технологи олон зуун жилийн турш хөгжөөд явж байгаа бөгөөд станцуудад ашигладаг зуух, яндан, шүүлтүүрийн технологи нь айлын энгийн зуухнаас хэд дахин илүү үр ашигтай, нүүрс зарцуулалт бага байдаг. Хүмүүс станцын хөргөх цамхгаас гарч байгаа уурыг утаа гэж андуураад байдаг. Харин утаа нь улаан судалтай нарийн яндангаар инверсийн давхаргыг нэвтлээд агаарт бохирдол тогтохооргүй өндөр утаагаа гаргадаг. Ингэхээр төвлөрсөн дулаан хангамжид цаашид анхаарах нь зөв бөгөөд айлуудын янданд шүүлтүүр хийхээр тэрийг хүн байнга сольж байх шаардлагатай. Түүнийг цахилгаанаар ажиллуулах бөгөөд дахиад мөнгө гарна.
Дэлхийн бусад улсууд агаарын бохирдлын асуудлаа шийдсэн туршлага янз янз байна. Гэхдээ манайх шиг хүйтэн уур амьсгалтай хийгээд төвлөрсөн дулаан хангамжтай нь ховор. Харин нэг нийтлэг зүйл нь асуудлаа зөв тодорхойлж, түүнийг шийдэх зөв бодлого, санхүүжилтийн оновчтой байдал, тууштай, хяналттай байдал байна.
2012 онд баталсан Агаарын тухай хуульд Монгол Улс агаарын бохирдолтой яаж тэмцэх вэ гэдэг бодлогоо тун сайн тодорхойлж, бүх шийдлийг нарийн тусгасан. Үүнийг биелүүлэхээр 2017 онд Агаар орчны бохирдолтой тэмцэх үндэсний хөтөлбөр гэж гаргаад тэр хөтөлбөр 2025 онд эхлэхэд дууссан. Ингээд агаарын бохирдлыг 85 хувьтай бууруулах зорилт тавиад ажилласан боловч тэрэндээ хүрээгүй. Тэгэхээр бид хэрэгжилт дээрээ алдаад байна. Үүнээс хойш 2025 оны зургаадугаар сард УИХ-ын 53 дугаар тогтоол гэж дахиж гарлаа.
Тэгэхээр бодлогын тал дээр асуудлаа хангалттай тодорхойлж, эрчим хүч, байгаль орчин зэрэг яамнаас ажлууд эхэлсэн боловч, салбар хоорондын уялдаа холбоо сайжрахгүй байна. Банк болон банк бус санхүүгийн байгууллага, иргэд нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдол бууруулахад хувь нэмрээ оруулах нь чухал.
Үүнийг аль нэг байгууллага, төр хийх ёстой гэж хараад байдаг. Гэвч хувь хүмүүс өөрсдөө хийх зүйлс их байна. Өвөлдөө дэлхийн хамгийн өндөр агаарын бохирдолтой хотод амьдарч байж маскаа зүүж, цонхондоо шүүлтүүр хийх зэрэг наад захын эрүүл мэндээ хамгаалах зүйл алга. Ямар нэгэн баатар гарч ирээд утааг арилгачих юм шиг бэлэн зүйл шаардаад байх шиг санагддаг. Төр дэд бүтэц, стандарт, бодлого, хэрэгжилтэд анхаарна. Харин цахилгаан халаагуур, дулаалга, шүүлтүүр, маск зүүх гээд эрүүл мэнддээ анхаарах нь хувь хүний асуудал. Иймд банк болон банк бус санхүүгийн байгууллагууд төртэй хамтраад санхүүжилтийг дэмжих нь чухал билээ.
Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 12 сарын 22,
2025

Сэтгэгдэл2
Удирдах түвшний хулгайчтайгаа тэмцэх нь агаарын бохирдол буурахад их нэмэр болно доо
Таван толгой түлш ххк хэдэн их наядаар үйлдвэр бариад тэр нь ашиглагдахгүй бгаа юм биш үү?